Гадаадад байгаа иргэдийг татах ажлыг шуурхай зохион байгуулах хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-27 11:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Уг хуулийн төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцаж ирэхэд үүсэж байгаа хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан иргэдийг цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна. Мөн коронавирусээр халдварласан, халдварласан байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг уг хуулийн үйлчлэлд хамааруулах талаар тусгажээ. Түүнчлэн бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын сургалтын төлбөрийн асуудлыг өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх, цар тахлын үед иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, гадаад улс орнуудаас өгч байгаа хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнах зохицуулал тусгажээ.


Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар коронавирусний халдвараас сэргийлэх явцад хүний эрхийг зөрчсөн хэд хэдэн асуудал гарч байгааг онцлов. Тухайлбал, иргэн Д-г зочид буудал орсныг зарлаж, дөнгөж амаржсан ээжийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасан зэргийг иш татсан юм. Улмаар уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд М.Оюунчимэг, Х.Булгантуяа зэрэг УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн ижил төстэй хэд хэдэн хуулийн төсөл байгааг дурдаад, нэгтгэн хэлэлцүүлэх нь зөв хэмээв.


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ