Ж.Сандагсүрэн: Саарал ус түлхүү ашиглах бодлого барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын усны байгууллагаас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудит хийж, УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификат гардууллаа.
Монголын Мянганы сорилын сан Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд манай улсад гурван том төсөл хэрэгжихэд чухал үр нөлөөтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны нөөцөөр хангана. Энэ хүрээнд Био комбинат, Шувуун фабрикийн орчимд газрын доорх усны эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоожээ.
Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд
бүрэн шинэчлэх юм. Төв
цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усанд гүн боловсруулалт хийж, дулааны
цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглах боломж бүрдүүлнэ. Ингэснээр хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлж станцуудад
нийлүүлнэ гэж тооцжээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэл Улаанбаатар хотод саарал усыг түлхүү ашиглах бодлого баримтлан, усны засаглалыг бэхжүүлж, уян хатан дэд бүтцийг бий болгоно" гэв.
Дээрх үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Монголын мянганы сорилын сангийн корпорац, НЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо.