Газар хөдөлсний улмаас 1 метр өргөн, 10-20 метр үргэлжилсэн хагарал үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 19:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын гадаргуу мөсөн дээр газар хөдлөлөөс бий болсон хүчтэй хагарал эвдрэл, бяцралт, цунами болсон шинж тэмдэг ажиглагдаагүйг Одон орон, геофизикийн хүрээлэн, Газар хөдлөлт судлах салбарынхан Ханх суманд ажилласан хээрийн ажлын тайландаа тэмдэглэжээ.


Нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу Долоон уулын орчимд болсон газар хөдлөлийн бүсэд ООГХ-гийн газар хөдлөл судлалын салбарын геологи, геофизикийн судалгааны баг энэ сарын 15-21-нд ажилласан юм.



Маршрутын үед тааралдсан хамгийн том ан цав нь Долоон уулын баруун талд, нуурын эрэг дээр N51˚19ʹ37ʹʹ, E100˚15ʹ55ʹʹ газарзүйн байршилд 1 метр өргөн, 10-20 метр үргэлжилсэн хагарал байв.  


Ринчен гэх айлын ард байрлах N51˚22ʹ34.9ʹʹ, E100˚18ʹ11.1ʹʹ цэг дээр зүүн гарын хэвтээ шилжилт байж болох геоморфологийн шинж тэмдэг ажиглагдсан бөгөөд хэвтээ шилжилтийн урт 5-10 см аж.




Долоон уулын баруун тал Ходоны хөндийд хэдэн зуун метр үргэлжилсэн ан цав, цууралт эвдрэлүүд байгаа ч эдгээр нь гол хагарал биш. Цууралтын өргөн голдуу 1-2 см, зарим газар 5 см хүрчээ. Цууралтын ан цавын дагуу их хэмжээний элстэй ус олгойдон гарсан байна. Газар хөдлөлийн үед гүний ус оргилохдоо доор байгаа элсээ авч гарч ирэх үзэгдлийг “Sand Liquifaction” гэдэг аж. Гол хагарлын мөрөгцөг нуурын ёроолд эсвэл маршрут хийгээгүй нуурын баруун талын уулсаар байж болох юм судалгааны баг дүгнэжээ.



Холбоотой мэдээ