Газрын тос боловсруулах үйлдвэр бүтээн байгуулах шатанд шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-22 18:07:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-нд өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.


Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.


Хууль санаачлагч дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэнэ гэж үзсэн байна.


Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн болон дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтад олон улсын стандарт, дүрэм журмыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх, зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, төрөөс олгох дэмжлэгийг тодорхойлох, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зэрэг зохицуулалтыг тусгажээ. 


УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар эл төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцууллаа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, цогц үйлдвэр барьснаар 7000 хүн ажлын байртай болно гэсэн тооцоо байгааг дурдаад, өнөөдрийн байдлаар үйлдвэрийн суурь тавигдсанаар хэдэн ажлын байр бий болсныг тодруулав. Мөн ямар мэргэжлийн хүмүүсийг түлхүү ажлын байраар хангаж байгааг асуулаа. Түүнчлэн гадаадын санхүүжилтээр хэрэгжүүлж буй том төслүүд тухайн улсын гүйцэтгэх хүчин, ажиллах хүчин, өндөр цалинтай инженер техникийн ажилтан орж ирдэг жишиг байдгийг дурдаад, БНЭУ-аас хэрэгжүүлж байгаа уг төсөлд энэ дүрэм үйлчилж байгаа эсэхийг лавлав. 


Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг, Тус үйлдвэр хэд хэдэн бүтээн байгуулалтаас бүрдэж байгааг танилцуулав. Тодруулбал, технологийн үндсэн байгууламж буюу гол дамжилгын 12 процессын байгууламж, мөн дагалдах, туслах байгууламж, автозам, төмөр зам, дэд бүтцийн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхон зэрэг бүтээн байгуулалт өрнөж байгааг дуулгав. Үйлдвэрийн хотхон ашиглалтад орох хүртэл бүтээн байгуулалтад оролцох гадаад, дотоодын гэрээлэгчдийг байраар хангана гэв. Тооцоолсноор, одоогоор 150 хүн ажиллах юм байна. Эдгээрийг орон нутгаас бүрэн хангах боломжтой гэж үзжээ.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөлтөөс долоо хоногийн өмнө бүтээн байгуулах шатанд шилжиж газар хөндөх ёслол хийснээр эхэлсэн гэв. Өнөөдрийн байдлаар, тус компанид 20-30 хүн ажилд авсан, цар тахлын улмаас Энэтхэгээс 40 хүн ирэх байсан ч 22 нь ирсэн хэмээн танилцуулав. Хоёрдугаар сарын 15-ны  тусгай нислэгээр төслийн менежментийн зөвлөх 5 хүн, 20 гүйцэтгэгч энэтхэг иргэн ирнэ хэмээв. Туслан гүйцэтгэгч компанийн ихэнх нь монголчууд байх болно гэдгийг дурдав. Үйлдвэрт цаашид 650 инженер техникийн ажилтан байх бөгөөд дамжуулах хоолой төсөлд төмөр замын төслийн адилаар олон зуу, магадгүй 1000 гаруй хүн ажиллана гэлээ.


Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 57 гишүүний 41 нь буюу 71.9 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ