Ц.Анандбазар: Манай улс хуурамч шатахуунаас болж жил бүр 60-70 тэрбум төгрөгөөр хохирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-22 17:01:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 


Нефть үйлдвэрлэл, борлуулалтын ажил эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татвар болон тусгай зөвшөөрөлгүйгээр импортлон, хуурамч шатахуун үйлдвэрлэн шатахуун түгээх станцуудад нийлүүлж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжид хохирол учруулахаас гадна агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул импортоор оруулж байгаа газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар улсын төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүн Н.Амарзаяа газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг импортоор оруулахад онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй, уг бүтээгдэхүүн нь иргэдийн автомашины эд ангид хохирол учруулдаг, агаарын бохирдол үүсгэдэг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас зөвхөн онцгой албан татвар ногдуулаад зогсохгүй, хязгаарлалт тогтоох, энэ төрлийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг стандарт шаардлагад нийцсэн түлш үйлдвэрлэхэд нь дэмжлэг олгох, хямд өртөгтэй түлшээр иргэдийг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ. 


Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, жилийн хугацаанд ямар төрлийн дайвар бүтээгдэхүүн хэдэн тонн хэмжээгээр Монгол Улсад орж ирж байгаа судалгаа байгааг асуув. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Керосин буюу хуучны үед лаа асаадаг байсан бодис, Нафть буюу дээр үеийн тракторт хэрэглэдэг бодис хилээр орж ирж байгааг хэлэв. Энэ бодис жилийн хугацаанд 220 мянган тонноор хилээр орж ирж байгааг тэмдэглэж, Монгол Улсад энэ хэмжээгээр хэрэглэх онцгой шаардлага байхгүйг тэмдэглэв. Тэрбээр, "Дээрх бодисыг ихэвчлэн дизел түлшинд хольдог. Энэ бодисыг оруулж ирэхэд онцгой албан татвар тогтоовол шатахуун, дизелийн үнэ өсөх эрсдэлтэй гэсэн зүйлийг хүмүүс ярьдаг. Харамсалтай нь, тэдгээр хүмүүс зах зээлээс 100 төгрөгөөр доогуур зарж ШТС-ууд цэвэр дизелийн түлштэй ижил үнээр зардаг. Тиймээс зах зээлд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг 2-3 компани бий. Тухайлбал, Сингапурт амьдардаг, орос эзэнтэй компани монголчуудын эд хөрөнгийг эвдчихээд жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна" хэмээв. 


УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, манай улс сүүлийн зургаан жилийн хугацаанд онцгой албан татваргүй дайвар бүтээгдэхүүнийг оруулж ирж шатахуунд хольж хэрэглэж байгаа, үүнээс улбаалж жилийн төсөвт жил бүр 60-70 тэрбум төгрөгийн хохирол гарч буйг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, сүүлийн 6 жилд 40 гаруй цэцэрлэг барих мөнгө алдаж байгааг хэллээ. Дэлхийд Африкийн улс орнууд болон Монгол Улсад энэ төрлийн хуурамч шатахуун хэрэглэж байгааг тодотгов. Энэ маягаар, цаашид манай улсад төсвийн байгууллага, уул уурхайн салбарын зэрэг нийт хөдөлж байгаа автомашины мотор эвдэрнэ. Бид хуурамч шатахууныг мэдэлгүйгээр хэрэглэж байгаа, энэ бол гэмт хэрэг гэв. Уг хуулийн төслийг баталж, дээрх дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоосноор төсвийн орлого нэмэгдэхийн зэрэгцээ олон иргэдийн автомашин эвдрэхээс хамгаална хэмээн онцоллоо. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Дээрх бодисыг шатахуунд хольсноор та бүхний хамгийн өргөн хэрэглэдэг Приүс загварын автомашины цахилгаан карвератор 2-3 жил болоод эвдэрдэг. Түлшинд хольсноор, малчдын өргөн хэрэглэдэг Портер автомашины түлшний апартур жил бүр эвдэрдэг гэдгийг та бүхэн мэднэ. Энэ бүхний учир нь керосин, нафта бодисыг түлш, шатахуунтай хольсонтой холбоотой. Иргэдийн автомашины хохирлыг тооцож үзвэл, маш том эдийн засгийн хохирол дагуулж байна” хэмээлээ. 


Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувь дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, гишүүд хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэв. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ