“Багануур” ХК шинэ техникүүдээ ажиллуулж эхэллээ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-01-22 16:13:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК уул уурхай, хүнд үйлдвэрийн есөн техникийн түлхүүрийг өнөөдөр гардан авснаар анхны ажилд нь гаргалаа.


Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны 12,5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Багануур” ХК-д 12 ширхэг техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэрээг оны өмнө үзэглэсэн юм. 


Өвлийн ид ачааллын үед 100 тонны даацтай, хөрс тээвэрлэлтийн зургаа, 60 тонны даацтай, нүүрс тээвэрлэлтийн нэг автосамосваль, хоёр бульдозероор техникийн шинэчлэл хийсэн нь цахилгаан станциудыг нүүрсээр найдвартай хангахад хувь нэмэр болох  хөрөнгө оруулалт гэдгийг “Багануур” ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулуун онцолжээ.




Техник шинэчлэл хийснээр ашиглалтын зардлыг 2,9 тэрбум төгрөгөөр багасгаж, технологийн хувьд уурхайн хүчин чадал 500 мян.тн-р нэмэгдэж, жилд 4,5 сая.тн нүүрс олборлох боломжтой болж байгаа.


Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг “Трансвест Монголиа” ХХК нийлүүлж байгаа бөгөөд үлдсэн 60 тоннын даацтай хоёр автосамосваль, 6.5 м/куб-ын шанагатай гидро эксковаторыг ирэх хоёрдугаар сард нийлүүлэх аж.

Холбоотой мэдээ