“Аялал жуулчлал ба орон нутаг” цахим хурал боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-22 15:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс 21 аймгийн Аялал жуулчлалын газрын төлөөлөлтэй цахим хурал зохион байгууллаа.


Хуралд АЖХТ–ийн алсын хараа, зорилго, 2021 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, орон нутагтай хамтран ажиллах чиглэлээр тус төвийн захирал С.Бат-Эрдэнэ, Орон нутгийг төлөөлж “Орон нутагт аялал жуулчлалын салбарын хөгжил, бодит байдал” сэдвээр Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан илтгэл тавив.


Хурлаар аймгуудад тулгарч байгаа аялал жуулчлалын асуудлаар холбогдох талуудын санал бодлыг сонсож, хамтран ажиллах, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.


АЖХТ-өөс 21 аймаг нэгэн уриатай ажиллах, аймаг тус бүрийн онцлох аяллын маршрутыг "Feel Mongolia" гар утасны аппликейшнээр дамжуулан олонд таниулах, аймгуудын аялал жуулчлалын талаарх бүх мэдээллийг нэгдсэн байдлаар түгээх санаачлага дэвшүүллээ.


Цаашид тулгамдаж буй асуудал, шийдэл, гарцаа тодорхойлох, ололт амжилтаа дүгнэх зорилгоор орон нутгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд жилд 2 удаа цахим хурал зохион байгуулагдахаар тохиролцов.


Хуралд Аялал жуулчлалын хөгжлийн төв, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн 38 албан хаагч оролцжээ

Холбоотой мэдээ