Монгол Улсын Ерөнхий сайд огцорч, өрнөсөн жагсаалд Ерөнхийлөгчийг буруутгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-22 14:23:42

УЛААНБААТАР. /Bloomberg/. Монгол Улсад “COVID-19” халдварыг хяналтад авах чиглэлд авч хэрэгжүүлсэн Засгийн газрын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал нийслэл Улаанбаатар хотод өрнөснөөс нэг хоногийн дараа тус улсын Ерөнхий сайд огцорлоо.


Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн олон зуун хүн парламентын байрны гадна жагссаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ өргөн барьж, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргажээ. Улмаар У.Хүрэлсүхийн Монгол ардын нам олонхын суудал эзэлж буй парламент түүний хүсэлтийг хүлээж авахыг пүрэв гарагт олонхын саналаар дэмжжээ.


Ерөнхий сайд огцорч буйгаа мэдэгдэх үеэрээ Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгыг жагсаалыг зохион байгуулсан хэмээн буруутгажээ. Харин бүрэн эрхийнх нь хугацаа энэ оны сүүлээр дуусах Х.Баттулга Ерөнхий сайдыг ийнхүү хэлсэнд маш их гайхаж байгаагаа илэрхийлсэн байна.


“Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илт гүтгэх ийм үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж байна” гэж Х.Баттулга мэдэгджээ.


“COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан, амаржаад удаагүй эмэгтэйг төрөх эмнэлгээс яаралтайгаар халаадтай нь гаргаж буйг харуулсан дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тархсанаас үүдэн жагсаал цуглаан өрнөжээ. Жагсагчид тухайн эмэгтэйд хүнлэг бусаар хандсаныг эсэргүүцэн лхагва гарагт парламентын байрны гадна жагссан бөгөөд зарим нь халаад, гэрийн шаахай өмссөн байжээ.


Жагсаалд гойд олон хүн оролцоогүй хэдий ч тэд агаарын температур өвлийн улиралд Цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг шөнө болтол жагссан байна. Жагсагчид мөн хөл хориг сунгасан, хөл хөдөлгөөнийг хязгаарласан, гадаадаас зорчих хөдөлгөөнд хориг тогтоосонд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.  


ОХУ, БНХАУ-ын дунд оршдог, далайд гарцгүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй 3.3 сая хүн амтай Монгол Улс нь бусад оронтой харьцуулахад коронавирусний томоохон тархалтаас сэргийлж чадсан юм. Монголд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш халдварын 1600 орчим тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар 526 хүн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ