The Harvard Crimson: Харвардын Кеннедийн сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогджээ

Монголын мэдээ | Улс төр
batbold.sh@montsame.gov.mn
2021-02-10 10:20:53
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар Харвардын Их Сургуулийн өдөр тутмын “The Harvard Crimson” сонинд гарсан нийтлэлийг хүргэж байна.


2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Харвардын Их Сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогджээ. Түүний өмнөх Засгийн газар Монгол Улсад “КОВИД-19” цар тахлын үед төр засгаас хэрэгжүүлж буй арга хэмжээнд дургүйцсэн иргэдийн тайван жагсаалаас үүдэн огцорсон байна.


Л.Оюун-Эрдэнэ Монголын парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар 40 насандаа Ерөнхий сайдаар томилогдсоноор одоо алба хашиж байгаа дэлхийн долоо дахь залуу Засгийн газрын тэргүүн болж байгаа юм.


Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хэмээх уурхайн жижиг тосгонд өссөн бөгөөд Харвардын Их Сургуулийн магистрын хөтөлбөрийг 2015 онд дүүргэж эх орондоо очсоноос хойш хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан юм.

Харвардад сурч байхдаа хилийн чанадад сурдаг монгол оюутнуудын нөхөрлөлийн хүрээлэл үүсгэж, улмаар тэдний заримыг нь Монгол Улсын Засгийн газарт урьж ажиллуулж байгаа аж.


Тэдний нэг нь Уолл Стрийтэд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байгаад Монголд эргэн ирж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон ажиллаж буй Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал юм.


О.Батнайрамдал Харвардад Л.Оюун-Эрдэнэтэй хамт сурч байсан үеэ дурсахдаа, “Тухайн үед Монголоос таван оюутан сурч байсан. Бид баасан гараг бүр “Жон Харвард” ресторанд цуглаж уулздаг байлаа. Л.Оюун-Эрдэнэ бидэнд Монголын улс төрийн талаарх бодол, улсынхаа хөгжилд бидний оруулж болох хувь нэмрийн талаарх үзэл бодлоо байнга хуваалцдаг байв. Мөн Монгол Улсаа урт хугацаандаа хэрхэн хөгжүүлэхэд талаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцдаг байлаа” хэмээв.


Мөн Харвардын Бизнесийн сургуулийн оюутан Р.Эрдэнэтулга хэлэхдээ, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон нь Монголын улс төрд үе солигдож, шинэ үе гарч ирж байгааг харуулсан бөгөөд үндэсний нэн тэргүүний асуудлууд ч цахим хэлбэр рүү шилжиж байна гэлээ. Тэрбээр дэлхий дахинд томоохон өөрчлөлтүүд явагдаж байгааг чухалчлаад цаашид нүүрсний оронд сэргээгдэх эрчим хүч хэрэглэгдэх талаар үргэлжлүүлэн зарим жишээг татсан юм. “Манай улсын хувьд эдийн засгийн бүтэцдээ маш яаралтай өөрчлөлт хийж хөгжил дэвшилд хүрэх боломжтой. Энэ удаагийн Ерөнхий сайдын томилгоо бол барууны ертөнцөд боловсрол эзэмшиж буй Монголын олон залууст эх орондоо буцаж очиж ажиллах урам зоригийг өглөө. Өмнө нь “Харвардад сурна”, “Америкт очно” гэдэг бол мөрөөдөлдөө хүрч буй юм шиг санагддаг байсан. Харин эх орондоо буцаж очоод улс төрд амжилт гаргаад зогсохгүй бусад монгол оюутнуудаа ч араасаа дагуулсан Л.Оюун-Эрдэнэ сайдын энэхүү замнал нь одоо бусдад цоо шинэ итгэл найдвар, мөрөөдлийг бий болголоо” гэв.


Харвардын Их Сургуулийн 2015 оны төгсөгч Т.Зоригоо нь Л.Оюун-Эрдэнийг эх нутагтаа буцаж очин бусдадаа итгэл төрүүлсэн явдал бол гадаадад сурч буй монгол оюутнуудад бодит жишээ болсныг онцлов. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ үргэлж Монголын ирээдүйн хөгжлийн талаар ирмүүн дэврүүн санаачилга дэвшүүлж ярьдаг байсан. Түүний ярьж байсан том зорилго, мөрөөдлөө биелүүлэх боломжтой болж буйг хараад их баярлаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуулийн өдөр тутмын сонины мультимедиа албаны даргаар ажиллаж байсан бөгөөд эх орон руугаа буцах эсэх дээр үргэлж өөртэйгөө зөрчилдөж ирсэн. Харин миний үеийн төлөөлөл Монголын маань хамгийн чухал шийдвэр гаргагчийн нэг болж буйг хараад эргэлзээ маань тайлагдчих шиг боллоо” хэмээн ярилаа. Харвардын бизнесийн сургуулийн оюутан Р.Эрдэнэтулга “Шинэ Ерөнхий сайдын хувьд ард иргэддээ итгэл найдвар төрүүлж чадлаа, одоо харин хийж, хэрэгжүүлэх, үр дүн үзүүлэх л үлдлээ. Үүнийг л шинэ үеийн залуучууд, дэлхий нийт анхааралтай ажиглах болно” гэлээ.


Эх сурвалж: The Harvard Crimson 

https://www.thecrimson.com/article/2021/2/8/hks-graduate-appointed-mongolian-leader/?fbclid=IwAR1Iqk4fqY5IyJihSUWcYzMv2rKpxZU6VUsKgLHMuKlvUThOefupsHyQzVo#.YCHrSXc0bEs.facebook 



Холбоотой мэдээ