АНУ-ын 49 дэх дэд Ерөнхийлөгч Камала Дэви Харрис

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-01-20 22:01:29

АНУ-ын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн, тэр дундаа африк, ази гаралтай хүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон, яг энэ цаг мөчид тангараг өргөж байна.


Бага залуу нас 


Камала гэдэг нь хинди хэлээр “бадамлянхуа цэцэг” гэсэн утгатай үг бөгөөд энэ нэрийг ээж нь түүнд өгчээ. Калифорни муж улсын Окленд хотод 1964 онд төрсөн Камалагийн эцэг болох ямайк гаралтай Дональд Харрис Стэнфордын их сургуулийн профессороор ажиллаж байсан бол түүний ээж, энэтхэг гаралтай Шамала Гопалан их сургуульд багшилж, хөхний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн судлаач хүн юм.

Эцэг эх хоёр нь тэгш эрхийн төлөөх хөдөлгөөний идэвхтэнүүд байсан бөгөөд жагсаал цуглаанд оролцохдоо Камалаг хүүхдийн тэргэн дээр нь суулгаад авч явдаг байсан гэнэ.


Камалаг 7 настай байхад эцэг эх хоёр нь салснаар эх нь түүнийг охин дүүгийнх нь хамт өсгөн хүмүүжүүлжээ. Тэдний гэр бүл африк гаралтай америкчууд амьдардаг ядуусын хороолол дахь даруухан байшинд амьдардаг байв. 1960-аад оны сүүлчээр үндэсний цөөнхүүдийн тусгаарлагдмал байдлыг арилгах /десегрегаци/ хөтөлбөр хэрэгжиж, ядуусын хорооллын хар арьст иргэдийн хүүхдүүдийг цагаан арьстнууд амьдардаг чинээлэг дүүргийн сургуулиудад хуваарилан суралцуулах шийдвэр гарсан байна. Завшааныг ашиглан Камала хотын төвийн нэр хүндтэй сургуульд элсэн орсон нь түүний цаашдын хувь заяанд хүчтэй нөлөөлжээ.

Ээжийнх нь ажлаас шалтгаалан тэдний гэр бүл Канадад хэсэг хугацаанд амьдарч байх үед Камала дүүтэйгээ хамт анх удаагаа эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан гэдэг. Учир нь, орон сууцны байр руу орох хаалганы ойролцоох зүлгэн дээр хүүхдүүдийг тоглуулдаггүй байсныг эсэргүүцсэн нь амжилтанд хүрч, уг хоригийг цуцлуулсан байна.


Дунд сургуулийн багш нар, нэг ангийнхан нь түүний талаар "оюуны асар өндөр чадавхитай сурагч байсан” хэмээн дурсан ярьдаг. Тэрбээр 1986 онд Ховардын их сургуулийг нэгэн зэрэг улс төр судлал, эдийн засаг гэсэн хоёр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бол Калифорний их сургуульд хуульзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Чадварлаг ирээдүйтэй залуу мэргэжилтнийг тэр дор нь прокурорын туслахаар ажилд авчээ.


Албан тушаалын шатаар ахисан нь


2002 онд 38 настай Камала Харрис Сан-Францискогийн тойргийн прокурорын албан тушаалд /сонгуульт/ нэрээ дэвшүүлжээ. Энэ үед тэрбээр Жо Байдений хүү Бо Байден, одоо Конгрессын спикерээр ажиллаж буй Нэнси Пелоси нартай найз нөхдийн харилцаатай болоод байв. Сонгуульд 56 хувийн санал авснаар Камала Сан-Францискогийн тойргийн прокуророор сонгогдсон анхны хар арьст иргэн болов. Улмаар 2008 онд Калифорнийн Ерөнхий прокурорын албан тушаалд нэрээ дэвшүүлж, 2010 онд сонгуульд оролцож ялснаар уг албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй хүн, африк гаралтай, ази гаралтай анхны эмэгтэй хүн болсон юм.


2015 онд Камала Сенатын гишүүнд нэрээ дэвшүүлснээр их улс төрд орж ирлээ. Улмаар 2016 оны 11 дүгээр сард Лоретта Санчесыг ялж, Калифорни муж улсаас сонгогдсон анхны өнгөт арьстан сенатч болжээ.


2017 онд Сенатын аюулгүй байдал, хууль зүйн байнгын хорооны гишүүн К.Харрис 2016 оны сонгуульд оросууд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр мэдүүлэг өгч байсан АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешнс-ийг прокурорын арга барилаараа сэхээ өгөлгүй асуултаар булж байсан нь түүнийг “телевизийн од” болгож, Камала улс даяар олны анхааралд өртлөө.


К.Харрис ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ижил хүйстнүүд хоорондоо гэр бүл болохыг хуулиар зөвшөөрөхийг дэмжиж, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргээс ЛГБТ хүмүүсийг хамгаалах зорилгоор Калифорнид тусгай отрядыг хүртэл байгуулж байжээ. Түүнээс гадна үр хөндөлт хийлгэх эрхийг нээлттэй болгохыг дэмжиж, жирэмний 20 дахь долоо хоногоос хойш үр хөндүүлэхийг хориглосон хуулийн төслийг эсэргүүцэж байв.


2004 онд тэрбээр цагдаагийн амийг хөнөөсөн хэрэгтэнд цаазын ял оноохоос татгалзсан нь цагдаа нарын уур хилэнг хөдөлгөж байсан бол Калифорнийн Ерөнхий прокурор байхдаа цаазын ялыг халах тухай хуулийн төслийг дэмжээгүйн учир хүний эрхийг хамгаалагчдын зүгээс ширүүн шүүмжлэлд өртөж байжээ.  


Харин америкчуудын санааг зовоож буй гол асуудал болох эрүүл мэндийн тогтолцооны талаарх К.Харрисын байр суурь мэдэгдэхүйц өөрчлөгдсөн аж. Тэрбээр Сенатад орж ирснийхээ дараа “бүгдийн төлөөх эрүүл мэнд” гэдэг Берни Сандерсын хөтөлбөрийг дэмжиж, тус салбарыг улсын төсвөөс бүхэлд нь санхүүжүүлэх ёстой гэж үзэж байв. Харин хэсэг хугацааны дараа өөрийн хувилбарыг дэвшүүлж, маш хатуу хяналтанд байгаа хувийн компаниудаар эрүүл мэндийн даатгалаа хийлгэх эсвэл төрөөр даатгуулах гэсэн хоёр сонголтыг америкчууд өөрсдөө хийх нь зүйтэй гэж ярих болжээ. 

2014 онд хуульч Даг Эмхофф-той гэрлэжээ 


Америкийн гадаад бодлогын гол зарчмуудын талаарх түүний үзэл бодол нь Жо Байдений байр суурьтай үндсэндээ ижил. Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах явдал бол АНУ-ын гадаад бодлогын гол чиглэл гэж үздэг ба ОХУ, Саудын Арави зэрэг авторитар дэглэмтэй улсуудыг шүүмжилдэг. Түүнчлэн Хятадын эрх баригчид Шинжааны уйгуруудыг хяхан хавчиж буйг, Хонконгт үг хэлэх эрх чөлөөг хумиж байгааг буруушаажээ.


Мөн Америкийн тэргүүний технологи Орос, Хятад, Умард Солонгос, Иранд алдагдах явдлаас сэргийлэх ёстой гэж үздэг хүн юм. 


К.Харрис уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд Америкийн эдийн засгийн өмнө тулгарч буй зорилтуудыг тусгасан Green New Deal гэдэг бодлогыг санаачлагчдын нэг юм. Тэрбээр фрекинг гэдэг технологи ашиглан занарын нефть олборлохыг хориглох байр сууриа байнга илэрхийлдэг. 


Камала Харрис бол Ерөнхийлөгч Байдентай адил русофоб үзэлтэн. “Орос бол АНУ-ын дайсан мөн” гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байснаас гадна Москвад болох Ялалтын парадад оролцох гэж байсан Трампын шийдвэрийг тохуурхан элэглэж байсан аж. Түүнчлэн 2017 онд Ардчилсан намаас сонгогдсон Сенатын хэсэг гишүүдийн хамт кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан нь оросууд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохоос болгоомжилсон хэрэг байлаа.


Байдений өрсөлдөгч Харрис


2019 оны намар Харрис ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын дотоод сунгаанд оролцоно гэдгээ зарласныхаа дараа дэд ерөнхийлөгч асан Байденийг ширүүн шүүмжилж эхэлжээ. Тухайлбал, ядуусын хорооллын хар арьстан иргэдийн хүүхдүүдийг чинээлэг цагаан арьстнуудын хороолол дахь сургуульд суралцуулах хөтөлбөрийг Байден эсэргүүцэж байсан гэдгийг дурдсан аж. Өөрөөр хэлбэл, арьсны өнгөөр ялгаварлах үзэл гаргаж байснаас нь эхлээд эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсныг баримтыг хүртэл сөхөж гаргаж байв.

Гэвч хэдхэн сарын дараа өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүний гол шалтгаан нь, Камалагийн нэр хүндийн чансаа нь судалгаагаар маш доогуур буюу 3-хан хувьтай гарсан, сонгуулийн кампанит ажилд нь хандивлаж буй мөнгөний хэмжээ бага байснаас үүдэлтэй. Үүний сацуу штабынх нь ажилтнууд түүнийг “хэт хатуу арга барилаар удирддаг” гэж шүүмжилж байв.


БАЙДЕН БОЛ УЛС ОРНОО НЭГТГЭЖ ЧАДАХ МАНЛАЙЛАГЧ ХҮН



Удалгүй 2020 оны 3 дугаар сард тэрбээр Байденийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэр үед намын доторх сунгаанд ялагдал амсаад байсан Байден дахин сэхэл авч, өрсөлдөөнд итгэлтэйгээр тэргүүлж эхлээд байв. Харрисын дүгнэн хэлснээр “Байден бол улс орныг нэгтгэж чадах манлайлагч хүн” ажээ.


Төд удалгүй өнгөрсөн зуны эхээр Байден сонгуульд хамтран өрсөлдөх хүнээ сонгохоор бүхэл бүтэн жагсаалт гаргалаа. Жагсаалтанд 11 хүн багтсаны дотор африк гаралтай 4 эмэгтэй байв. Тэд бол Харрисаас гадна Конгрессын гишүүд болох Вэл Демингс, Карен Басс, Б.Обамагийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан Сьюзан Райс нар юм. Түүнчлэн тэргүүн хатагтай асан Мишель Обама ч гэсэн Байдений саналыг хүлээн авахаас татгалзахгүй нь гэсэн мэдээлэл тархаад байв. Гэвч эцсийн эцэст Байдений сонголт нь Камала Харрис дээр тогтсон бөгөөд тэрбээр энэ тухай албан ёсны шийдвэр гарахаас 30 минутын өмнө мэдсэн гэдэг. 


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ