Э.Эрдэнэбаатар: Дулааны шугам хоолойг уртасгахын хэрээр сүлжээний горим хүндрэлтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-20 20:58:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ажлын багийн дарга нарын ээлжит хуралдаан өнөөдөр болсон байна. Хурлаар нийт иргэдэд хамаарах, аймгийн онцгой обьект болсон “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай онцлон танилцжээ. Хуралдаан дээр тус үйлдвэрийн газрын дарга Э.Эрдэнэбаатар аймгийн дулаан хангамжийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.  

Тус аж ахуйн нэгжийн тухайд олон жилийн өр, авлагын хуримтлалаас үүдэн санхүүгийн нэлээд бэрхшээлтэй байгаа аж. Эднийх Багануур, Зэлтэрийн уурхайгаас нүүрсний нөөцөө бүрдүүлжээ. Энэхүү нөөцөөрөө 2020-2021 оны өвөл, хаврыг даван гарахаар ажиллаж байгаа аж.

Зөвхөн уурхайгаас нүүрс тээвэрлэх зардалд сард дунджаар 135 сая төгрөг зарцуулдаг байна. Уг дулааны станц үйл ажиллагаагаа явуулж эхлээд 30 жил болжээ. Өнөөдрийн байдлаар хоёр болон найман жил болж байгаа гурван зуухтай аж. Иймээс цаашид үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллахад 20 МВт-аас дээш хүчин чадалтай хоёр зуух суурилуулах шаардлагатай гэв. Ингэхийн тулд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа хэмээн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дарга Э.Эрдэнэбаатар хэллээ. Аймгийн төв Сүхбаатар сумын дулаан хэрэглэгчийн ачаалал жилд дунджаар 1.1-1.3 Гкал дулаанаар нэмэгдэж, дулааны шугам хоолойг уртасгахын хэрээр сүлжээний горим хүндрэлтэй болж байгаа гэв. Нийт дулаан хэрэглэгчдийн 80 орчим хувь нь айл өрхүүд байдаг ч тэд төлбөрөө барагдуулдаггүй байна. Иймээс тус байгууллага зөвхөн айл өрхүүдээс 260 орчим сая төгрөгийн авлагатай байгаа аж.

Хуралдааны үеэр онцгой обьект болсон эл байгууллагад анхаарлаа хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга онцлоод цаашид нүүрсээр тасалдуулахгүй байлгах үүрэг даалгаврыг өгсөн байна. 

Холбоотой мэдээ