Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногийнхоос 35 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-19 11:01:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр хийсэн PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирусний халдвар илэрлээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ 17 646 хүнд шинжилгээ хийсэн байна.

 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 709, дотоодын халдвар нийт 1035 болж байна. 


Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний  халдварын тоо  сүүлийн долоо хоногт буурах хандлагатай байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 35 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1536 болжээ. 


Үүнээс 995 хүн эдгэрээд байгаа бол 530 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ