“Пи Си Молл” ХХК, Үндэсний дээд лигийн “Алтан түнш” боллоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-15 14:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл бөмбөгийн үндэсний дээд Лигийн тэмцээний “Алтан түнш”-ээр цахим технологи, цахилгаан барааны дэлгүүр “Пи Си Молл” ажиллахаар болж өнөөдөр МХБХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Дэлхийн №1 үзэгчтэй спорт болох хөл бөмбөгт хөрөнгө оруулах нь хамгийн ашигтайд тооцогддог. Тиймээс ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд энэ салбарт хөл тавьсаар байна. Энэ жишгээр “Пи Си Молл” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөл бөмбөгийн ертөнцөд хөл тавьж байгаа нь бусад байгууллагад үлгэр жишээ үйл явдал болж байгааг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар онцолсон юм.


Талууд 1 жилийн 200 сая төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд тэн хагасыг мөнгөн дүнгээр, үлдсэн үнийн дүнд МХБХ-г техник технологийн хувьд дэмжин ажиллахаар тохиролцсон байна. Спортыг дэмжигч “Пи Си Молл” ХХК-ийн хувьд дэлхийн шилдэг брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэй борлуулдаг бөгөөд Монголын үндэсний дээд Лигт, “Hisense“ брэндийг онцолж байна. “Hisense” брэнд нь Францын Пари Сен Жермейн багийн ивээн тэтгэгчээр ажилладаг. Мөн ОХУ-д болсон 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаад байгаа юм.



Ийнхүү Монголын томоохон компани хөл бөмбөгийн ертөнцийг илүү өрсөлдөөнтэй, үзүүштэй болоход хөл тавьж хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад хөл бөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигч, багш дасгалжуулагч нар гүн талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолж байв.

Холбоотой мэдээ