“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III" -ын хэрэгжилтийг эрчимжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-01-15 13:17:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ыг 2020-2024 онд хэрэгжүүлэхээ зарлаад байна. Тодруулбал, Засгийн газар 2020 онд 96 дугаар тогтоол гарган "Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III"-ыг баталсан юм. Улмаар Ерөнхий сайдын захирамжаар Монгол хэлний хуулийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. 

Мөн 2020 онд БШУ-ны сайдын шийдвэрээр "Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, "Монгол хэлний талаар баримтлах сургалтын бодлого"-ыг тус тус батлаад байна. 

Одоогоор ЕБС-ийн сурагчид 6 дугаар ангиасаа эхлэн үндэсний бичиг үзэж байгаа юм. Мөн “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ын хүрээнд их, дээд сургуулийн оюутнууд ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн үндэсний бичиг үзэхээр болжээ.

Тодруулбал их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүд монгол бичгийн хичээлийг заавал судална. Цаашлаад их, дээд сургууль, коллежид суралцагчдаас монгол бичгийн хичээлийн шалгалт авах, шалгалтын дүнг бакалаврын дипломд баталгаажуулах чиглэлээр холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэх аж.


Оюутнууд ирэх хичээлийн жилээс үндэсний монгол бичиг үзнэ.


Тиймээс БШУЯ багш бэлтгэдэг их, дээд сургуульд монгол бичгийн хичээл заах арга зүй, сургалтын технологийг шинэчлэх, багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах сургалт семинар зохион байгуулж, “Монгол бичиг заах аргазүйн хичээл”-ийн хөтөлбөрийг сайжруулах, магадлан итгэмжлэх шаардлагатай байгаа аж.


Монгол хэл бичгийн сургалтын чанар, арга зүйн шинэчлэл, мэргэжлийн багшийн хөгжлийн асуудлаар бүсийн болон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан санал, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх бодлогод тусгахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ