Жуулчдын хамгийн их очдог газруудад отоглох, хоноглох 100 цэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 11:52:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны АЖБЗГ-аас 2021-2024 онд жуулчид хамгийн их зорьж очдог газруудаас 100 байршил сонгон отоглох, хоноглох цэг байгуулна.


Үүнээс 80 байршилд төсвийн хөрөнгө оруулалтаар, 20 байршилд олон улсын төслийн санхүүжилтээр байгуулах юм. Эдгээр нь нэгдсэн стандарт тэмдэг тэмдэглэгээ бүхий, сүүдрэвч, майхан барих талбай, авто машины зогсоол, эко жорлонтой эсвэл бага оврын ариун цэврийн байгууламжтай байх юм.


Мөн аялал жууллалын гол чиглэл, авто зам дагуу 30 байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг цогцолбор байгуулахаар төлөвлөснийг БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын ээлжит мэдээллийн үеэр Инновац, цэвэр технологийн хэлтсийн дарга Б.Оргил "Эко жорлон" үйл ажиллагааг танилцуулахдаа онцлов.


Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газарт үйлчилгээ явуулах зөвшөөрөл шинээр авч буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагааны хүрээнээс хамаарч эко жорлон эсвэл ариун цэврийн бага оврын цэвэрлэх байгууламж ашиглана. БОАЖ-ын сайд 2018 тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагыг нүхэн жорлон ашиглахыг хориглосон юм.


БОАЖЯ-ны АЖБЗГ-аас Тусгай хамгаалалттай газар нутагт өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр жуулчид их очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох 14 цэг, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 53 эко жорлон суурилуулжээ. 

Холбоотой мэдээ