Баянзүрх дүүргийн 17-р хороонд 4 байнгын, явуулын 6 цэгт шинжилгээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-14 16:22:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх "COVID-19" халдварын шинэ голомт болоод буй Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Да Хүрээ", "Мөнгөн хөлөг", "Монбет", "Цахлай" зэрэг техникийн томоохон зах, үйлчилгээний газруудыг хаагаад байна. 

Эдгээр газраар сүүлийн 7 хоногт үйлчлүүлж, зорчсон иргэдийг нарийвчилсан шинжилгээнд хамрагдах шаардлагатай байгааг дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр дахин сануулав. 



Тус хороонд халдварын анхны тохиолдол 1 дүгээр сарын 10-нд бүртгэгджээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 4 гэр бүлийн 16 хүн халдвар авснаас өнөөдөр 7 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 23 хүн болоод байгааг Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Н.Жаргалсайхан мэдээллээ. Халдварын шууд хавьтал 75, дам хавьтал нь 1542 иргэн байгаа аж. 

Өнөөдрөөс тус хорооны иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулахаар хорооны Иргэний танхим болон 79 дүгээр сургуулийн Ахлах сургуулийн байр, мөн иргэдийн нэрлэж заншсанаар "Өргөн гудамж" буюу "Даян" дэлгүүрийн гудамжинд явуулын лаборатори ажиллаж иргэдээс шинжилгээ авч байна. 



Мөн 21 дүгээр худагтай гудамжид нэг байр ажиллуулж, нийт 4 байнгын болон явуулын 6 цэгт шинжилгээ авч байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нь 2814 өрх, 9758 оршин суугчтай, үүнээс 16-гаас дээш насны 6400 иргэнтэй аж. Өмнө нь шинжилгээнд хамрагдсанаас үл хамааран нийт иргэдээс нарийвчилсан шинжилгээг авч байна. 

17 дугаар хороо нь урд хэсгээрээ Улиастайн голтой, хойд талаараа мөн дүүргийн 9 дүгээр хороотой хил залгадаг, хүн ам харьцангуй сийрэг оршин суудаг байна.  

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1900-1063 дугаарын тусгай утас ажиллуулан хүнсээр дутагдаж буй иргэд, айл өрхийн судалгаа, мэдээллийг авч байна. 








Гэрэл зургуудыг Б.Чадраабал, Н.Батбаяр


Холбоотой мэдээ