“Сэргээн заслын төв”-ийг байгуулахад БНТУ тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:01:48

Дархан-Уул аймгийн Засаг даргын урилгаар БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг”-ийн дэд Ерөнхийлөгч ноён Мэхмэт Сүрэйяа Эр тэргүүтэй төлөөлөгчид Дархан хотод айлчлав.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хотынхоо түүхээс эхлээд шинээр бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа “Дугуйн зам”, “Дархан Наадам”, “Залуусын ногоон гудамж”, “Турк сургуулийн гудамж”, “Олон улсын онгоцны нисэх буудал” байгуулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж бүх салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Дархан сумын долдугаар цэцэрлэгийн агуулахын хоёр өрөөг засварлаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай боловсрол олгох “Тэмүүлэл-2” бүлгийг нээхээр төлөвлөсөн. Уг төсөлд хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг БНТУ-ын төлөөлөгчдөд тавьж засварлах байрыг нь танилцууллаа. Ингэснээр “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг”-аас 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байрыг засварлах болон “Сэргээн заслийн төв”-ийг байгуулахаар боллоо. “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг”-ийн дэд Ерөнхийлөгч ноён Мэхмэт Сүрэйяа Эр хэлэхдээ:-“Тэмүүлэл -2” бүлгийн байр болон “Сэргээн заслын төв”-ийг ирэх есдүгээр сард хүлээлгэн өгнө” гэв. Тус бүлэгт 15-20 хүүхдийг Сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой болж багш, нийгмийн ажилтан, сэргээн заслийн эмч зэрэг долоон ажлын байр нэмэгдэж олон эцэг эхчүүд ажил хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж хүүхдүүд хөгжих олон талын ач холбогдолтой. Тус аймгийн хэмжээнд 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг.

Харин “Сэргээн заслын төв”-ийг барьж, тоног төхөөрөмжөөр хангаж ашиглалтад оруулснаар эдгээр хүүхдүүд сэргээн заслийн эмчилгээнд бүрэн хамрагдах боломж нээгдэнэ. БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг” нь дэлхийн 50 гаруй оронд төлөөлөгчийн газартай, 130 оронд үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Тус байгууллагын төлөөлөгчид цаашид тус аймгийн хөгжилд хувь нэмэр оруулж нийгмийн хөгжилд нөлөө үзүүлэх үр ашигтай төслүүдийн саналд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ