Майк Пенс Дональд Трампыг огцруулахыг эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-13 10:51:33

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Дональд Трампыг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх чадамжгүйн улмаас огцруулахыг эсэргүүцэж байгаагаа Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид бичгээр мэдэгдэв.


"Одоо Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө найман хоног үлдээд байна. Та бүхэн болон Ардчилсан намын фракцынхан надаас, Засгийн газраас 25-р нэмэлт өөрчлөлтийг ашиглахыг шаардаж байна. Ийм үйлдэл манай улсын ашиг сонирхолд эсвэл манай Үндсэн хуульд нийцэхгүй гэж би бодож байна" гэж Пенс захидалдаа дурджээ. Түүний захидлыг Цагаан ордон нийтэлсэн байна.


АНУ-ын Үндсэн хуульд оруулсан 25-р нэмэлт өөрчлөлт нь "шийтгэх, хууль бусаар эрх булаан авах арга хэрэгсэл биш" бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтийг хэрэглэвэл "аймшигт үлгэр жишээг бий болгоно" гэж Дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.


Пенс Конгрессын гишүүдэд хандаж, нийгмийг хагалан бутаргах, сөргөлдөөнийг нэмэгдүүлж болзошгүй үйлдлээсээ зайлсхийхийг уриалсан байна. “Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолд бэлдэж буй энэ үед байдлыг намжааж, улс орноо нэгтгэхийн тулд хамтран ажиллацгаая” гэж Пенс мэдэгдээд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж амлажээ.


Холбоотой мэдээ