М.Өлзийбат: Хөвсгөлд хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-01-12 12:31:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө 6.5 магнитудын газар хөдөлсөн. Энэ талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн салбарын дарга М.Өлзийбат өнөөдөр мэдээллээ.


Тэрээр газар хөдлөлт Хөвсгөл нуурын сав газарт болсон. Нийслэл Улаанбаатар хотод 4-5 баллаар мэдрэгдсэнийг хэллээ.

Хөвсгөл аймаг нь газар нутгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг харьяалагддаг байна. Газар хөдлөлийн механизм нь Байгаль нуурынхтай адил. Хөвсгөл нуур маань газар хоёр тал руу тэлэхэд үүссэн нуур юм. Тус газар нутгийг Бүсийн голын хотгор, Дархадын болон Хөвсгөл нуурын хотгор гэсэн 3 бүсэд авч үздэг. Үүнээс өнөөдрийн газар хөдлөлт нь Хөвсгөл нуурын хотгорын бүсэд болсон байна.


Судалгаагаар, энэ бүс нутагт хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдөлж байна. 1991 оны 12 дугаар сарын 27-нд түрүү дурдсан 3 бүсийн Бүсийн голын хотгорт буюу Цагаануур сумын нутагт яг ийм 6-7 баллын хүчтэй газар хөдөлж, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хот зэрэг томоохон хот суурин газар хүчтэй мэдрэгдэж байсан гэв.




6.5 магнитудын газар хөдлөлт гэдэг нь 7-8 баллын чичиргээ үүсгэдэг байна. Хөвсгөл аймаг нь алслагдсан нутаг учир чичирхийллийн долгион нь томоохон хот суурин газар замхарсан байдлаар мэдрэгдэж буй нь тэр гэдгийг хэлэв. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгаас нааш Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн томоохон суурин газар хуурай, хатуу газар дээр 4-5 баллын чичиргээ үүсгэж хүн амд мэдрэгджээ. 

Газар дээр нь буюу Ханх суманд нарийн хэмжилт явагдаж байна. Тус суманд модон байшингаас бусад байшин барилгын хана цуурч, цонх хагарчээ. Сүүлд авсан мэдээллээр, Ханх суманд 4-6 баллын хүчтэй газар хөдлөлт дахиж, нарийн хэмжилт хийхэд төвөгтэй байдал үүсээд байгаа аж. Хөвсгөл нуур орчмын газар сүүлийн 30 жилийн хугацаанд ийм хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. 






Холбоотой мэдээ