Э.Баттогтох:“Хос уянга-Хос багана” бүтээлдээ монгол төр, монгол түмний урт нас, удаан жаргалыг бэлгэдсэн

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-01-12 19:32:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн“ улсын уралдаанд 2015 оноос хойш амжилттай оролцож байгаа багш бол Дундговь аймгийн лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэлний багш Э.Баттогтох юм.

2020 оны 24 дэх удаагийн улсын уралдааны “Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд оролцож дэд байр эзэллээ. Түүний бүтээл, амжилтын нь талаар ярилцлаа.


-Та “Монголын сайхан бичигтэн-2020” улсын уралдаанд “Хос уянга-Хос багана” бүтээлээрээ оролцож, дэд байр эзэлжээ. Баяр хүргэе, энэхүү уралдаанд хэзээнээс оролцож байна вэ?

- Монгол бичиг нь Монголын ард түмний соёл мэдлэгийн санг олон жилийн туршид тээж ирсэн бичиг. Тиймээс нийтээр сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх нь монгол хүн бүрийн үүрэг юм гэж ойлгодог. Тэр ч утгаараа энэ уралдааны ач холбогдол маш их. Энэ уралдаанд 2015 оноос хойш тасралтгүй оролцож байна.  Шавь нар маань оролцож, амжилт үзүүлсэн.

-2018 онд “Хасаг тэрэгтэй судар” бүтээлээрээ оролцож, Тэргүүн байр эзэлж байсан. Үзүүлсэн амжилтаасаа танилцуулаач!

-Тийм ээ, 2018 онд “Хасаг тэрэгтэй судар” бүтээл маань түрүүлж байсан.

Монголчуудын хувьд 1000 гаруй жилийн түүхтэй уламжилж ирсэн бичиг үсэгтэй ард түмэн. Түүндээ бид өөрсдөө эзэн нь байж, сурах ёстой, ийм агуу бичиг шүү, ийм түүхийг дамнаж ирсэн энэ бичгээ бид өөрсдөө эзэмшиж, судлах ёстой л гэсэн зүйлийг энэ бүтээлээрээ хүмүүст ойлгуулахыг хичээсэн. Яагаад гэвэл монголчууд бидний яс, цус, генд нь шингэсэн байдаг учраас өөрсдөө сонирхоод ирэх юм бол өөрийн эрхгүй хөтлөгдөөд ирдэг энэ бичиг үсгээ л эзэн нь юм шиг сурч, судалж, хэрэглэдэг байх хэрэгтэй гэсэн энэ зүйлийг л бусдад хэлэх гэсэн юм.

2015, 2017 онд миний бэлтгэсэн анги амжилттай оролцож, “Сайхан бичигтэн анги” Батламж авч, 2017 онд нь дэд байр эзэлж байсан.

Зөвхөн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан ч биш, бусад уралдаанд ч гэсэн оролцдог. 2018 онд “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч улсын уралдаан”-д оролцож, “Шилдгийн шилдэг бүтээлч залуу багш”-аар, 2020 онд Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдааны цахим хичээл заах аргазүйн ур чадварын уралдаанд оролцож, 800 гаруй багшаас шалгарч “Тусгай байр” эзэлсэн.

-“Монголын сайхан бичигтэн-2020” улсын уралдаанд оролцсон “Хос уянга-Хос багана” бүтээлийнхээ талаар танилцуулна уу, оролцогчид өөрсдийнхөө бүтээлээр хүмүүст ямар нэг зүйл хэлэхийг зорьдог шүү дээ.  

-Монголчууд эрт дээр үеэс хос зүйлийг бэлгэдэж ирсэн. Тэр ч утгаараа би "Хос багана-Хос уянга” гэсэн энэ бүтээлийг хийсэн. Монгол гэрийн ачааг үүрч, гол тулгуур нь болж явдаг баганаар Монгол Улсаа төлөөлүүлсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, өв соёлыг илэрхийлсэн үгийг дөрвөлжин эвхмэл үсгээр сийлж, урласан нэг бүтээл, нөгөөх нь угалзан эвхмэл бичвэрийн төрлийг зээгт наамлаар бүтээн туурвисан хос уянга гэсэн хоёр бүтээл байгаа. Энэ маань монгол түмний урт нас, удаан жаргалыг бэлгэдсэн юм.  

-Таны өвөө С.Нямдорж гэж буурал монгол бичгийн багш байсан. Босоо монгол бичгээ өвөөгөөсөө уламжилж сурав уу, өвөөгийнхөө тухай ярихгүй юу!

-Миний өвөө Санжидын Нямдорж нь өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлст томоохон хувь нэмрээ оруулсан монгол бичгийн багш, угийн бичиг судлаач сэхээтэн хүн байсан.

Энэ үзэл үйл хэрэг нь надад нөлөөлсөн байх. Өвөөгийн минь талаар олон сайхан дурсамж бий. Монгол бичгээр бүх зүйлээ татлан бичдэг, тамхиа баагиулан “Хүмүүн бичиг” сониноо уншаад, гол мэдээллийнх нь доогуур зурж тэмдэглэн уншиж дуусаад дугаар дугаараар нь үдээд, ач зээ нараараа уншуулдаг байлаа.

Өвөө маань надад анхлан монгол бичгийг үеэр холбож заан таниулж, сурах боломжийг олгосон болохоор  би их азтай хүн. Уншдаг болоод ирэхээр өөрөө татлан бичээд түүнийгээ уншуулж шалгалт авдаг, мөн “Хүмүүн бичиг” сонины монгол бичгийн буланд нийтлэгддэг хичээлийг хийлгэдэг байлаа.

Өвөөгөөр маань аймгийн монгол хэл бичгийн олимпиадын таталган унших даалгаврыг бэлтгэн хийлгэдэг байсан. Мөн үзүүлэн, тараах материалаа өөрөө нямбай гэгч нь зурж бэлтгэн хавтгай хар цүнхэндээ хийж аваад л 15 сумаар явж сургалт хийдэг, бас угийн бичиг хөтлөх сургалтыг аймаг, сумдад зохион байгуулж, ураг удмынхаа угийн бичгийг хөтлөн бидэндээ өвлүүлж үлдээсэн байдаг юм.

Миний  өвөө ийм мундаг хүн байсан, миний бахархал. Ийм л өв соёлоо дээдлэх бахархах,түгээн дэлгэрүүлэх орчинд өссөн болохоор би их азтай хүн. Ерөнхий боловсролын сургуульд ороод дахин аз тохиож, Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэн багшийнхаа шавь болж, гүнзгийрүүлэн сурч судалсаар монгол хэл, бичгийн багш болох мөрөөдөлдөө хөтлөгдөн багш болсон доо.

-Монгол бичгээ бид тэр бүр сурч, судлахгүй л байна. Удахгүй төрийн бичиг болох гэж байдаг. Хүмүүст хандаж юу хэлмээр байна вэ?

-Миний хувьд цаашдаа өв соёлоороо бахархах, сурч судлах хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлэн шавь нартаа заан сургаж,  үндэсний монгол бичгээ тасралтгүй түгээн дэлгэрүүлэх үйлстээ зүтгэсээр байх болно.

Хүн бүр л хичээж суралцаасай гэж хүсч байна. Нутгийнхаа зон олонд босоо монгол бичиг шигээ хийморьлог, бодож санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байхын сайхан ерөөлийг дэвшүүлье!

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ