Ц.Оросоо: Химийн бодис ашигладаг тусгай зөвшөөрлийг жилийн хугацаатай олгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-11 17:33:41
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Дөрвөлжин сумд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК нь уул уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байсан химийн бодисыг алдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж буй. Энэ үед нутгийн иргэд болон орон нутгийн ТББ, иргэний нийгмийн байгууллагууд уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа химийн бодис болох “цианид”-ыг хэрэглүүлэхгүй, хориглох хэрэгтэйг цахим орчинд байнга мэдээлж байна. Тиймээс цианид хэмээх энэхүү химийн бодис чухам ямар бодис болох. Тус бодисыг ямар зөвшөөрлийн дагуу ямар хэмжээтэй хэрэглэж байгаа талаарх мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Оросоотой уулзаж тодрууллаа.

 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цианид гэж ямар бодисыг хэлэх вэ?

-Цианид гэж нүүрстөрөгчийн нэг атом азотын нэг атомтой гурвалсан холбоогоор холбогдоход үүсэх цианидын бүлгийг (C N) агуулсан ямар нэг химийн бодисыг хэлнэ. 

Цианидын нэгдлүүд нь органик биш, органик гэсэн хоёр хэсгээс бүрддэг.  Органик биш нэгдэлд: НCN –цианид устөрөгч (синилийн хүчил), NaCN –натрийн цианид, KAg(CN)2 –калийн мөнгөний цианид гэх мэт. Органик нэгдэлд: (CH3)2C(OH)CN –метилацетонитрил, C62H88(CN)CoN13O14P– циано кобальтамин (Витамин В12) г.м багтдаг.

-Тэгвэл Дөрвөлжин сумд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК маань ямар цианидыг хэрэглэдэг юм бол?

-Баян Айргийн хувьд натрийн цианидыг уул уурхайн үйлдвэрлэлд ашигладаг.

Натрийн цианид гэж ямар бодисыг хэлэх вэ? гэхлээр цагаан өнгөтэй, хатуу талст бодис юм. Сул бүйлсийн үнэртэй, хатуу төлөвтөө үнэргүй,  чийгтэй үед цианид устөрөгчийн (HCN) үнэр гарна.  Хайлах температур  5630С, буцлах температур 14960С, нягт 1,60 г/см3, ууршимтгай  биш, цианид устөрөгчийн уурын даралт 0,941, хүйтэн усанд сайн уусна ( 58 г/100 мл (20°C-д).

Энэ бодис маань тогтвортой байдал ба урвалын идэвхийн хувьд тогтвортой, хэт халах, чийг болон хамт хадгалж болохгүй бодистой харилцан үйлчлэх үед задардаг. Исэлдүүлэгч бодис, хүчил, чийгтэй хамт хадгалж болохгүй, хөнгөн цагааныг зэврүүлнэ, шилийг зэврүүлэхгүй, шатамхай биш, гэвч хүчилтэй үйлчлэлцэхэд маш шатамхай цианид устөрөгч CNH (синилийн хүчил) үүсгэдэг. Харин урвалын идэвхийн хувьд  фтор, магни, азотын хүчил, нитрат, нитритийн давснуудтай хүчтэй урвалд орно. Хүчил, хүчлийн уур, ус, усны уур, хүчлийн давснууд, хлортууд, нитратуудтай үйлчилбэл аюултай!

Энэ үед онцгой хортой, шатамхай  цианид устөрөгч HCN үүсгэнэ.  Агаар дахь CO2 –той харилцан үйлчилж  цианид устөрөгч HCN буюу /синилийн хүчил/ үүсгэж болно. Натрийн цианидын уусмалын рН= 10-аас доош болоход задарч цианид устөрөгч буюу синилийн хүчлийг ялгаруулах аюултай тул  рН= 11-т бариулж байх ёстой юм.


-Цианид хаанаас үүсдэг вэ?

-Зориудын бус үүсэлт гэж байдаг. Энэ нь биомассыг шатаах, галт уулын дэлбэрэлт, биологийн зарим процесс (ястай жимснүүд, чихрийн нишин г.м), хог хаягдал шатаах (хуванцар), тамхи татах (шүүлтүүргүй 1 ширхэг тамхинаас 500 мкг, шүүлтүүртэй тамхинаас 100 мкг HCN), автомашины хөдөлгүүр (катализаторгүй хөдөлгүүртэй машин 1 км явахад 7-9мг/км, катализатортай машин 0.6 мг/км HCN) гэх зэргээс үүсдэг.

 

           

Бүтээгдэхүүний нэр

Цианидын агууламж, мг/кг

Үр тариа

0.001-0.45 мг/кг

Чангаазны яс

89-2170 мг/кг

Ястай тоороор хийсэн жүүс

5.1 мг/л

Хар чавганы жүүс

1.9 мг/л

 

 

Харин үйлдвэрлэлд энэ бодисыг алт ялгах процесс, металлыг бүрэх, өнгөлөхөд хэрэглэж байна.

-Натрийн цианидын аюулгүй ажиллагаа гэж юу вэ?

 

-Натрийн цианид нь хортой, аюултай бодисын ангилалд ордог. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан  Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтдаг. Арьс салст, амьсгалах, залгих замаар хордуулдаг. Хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэж, ажлын байранд битүү систем, агааржуулалтын систем (агаар сорох яндан эсвэл агааржуулагч), суурин болон зөөврийн цианидын монотокс байх шаардлагатай байдаг.

-Ажлын байран дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь хэд байдаг юм бол?

-Ажлын байран дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) = 5 мг/м3. Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун = 25мг/м3 байдаг. Цианидын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээг доорх хүснэгтүүдээс харж болно. Мөн Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. MNS 5850: 2019. Хөрсний органик биш (хүнд металл) бохирдуулагч  бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (мг/кг) хэмжигдэнэ. Доорх хүснэгтээс харж болно.

 

 

Үзүүлэлт

Хөрсний механик бүрэлдэхүүн

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ

Шаварлаг

Шавранцар

Элсэрхэг

 

Цианид (CN-)

25

15

10

25

 

Хөрсний органик биш (хүнд металл) бохирдуулагч бодисуудын хортой болон аюултай агууламж (мг/кг)

 

Үзүүлэлт

Хортой агууламж

Аюултай агууламж

Цианид (CN-)

50

100

 

 

Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ. Техникийн ерөнхий шаардлага. MNS 5885: 2008 Гадаад орчны агаар бохирдуулах органик биш бодисын хүлцэх хэм хэмжээ нь:

Бодисын нэр

Хэмжилтийн дундаж хугацаа

Хэмжих нэгж

Хүлцэх агууламж

Циант устөрөгч /синилийн хүчил/

30 минутын дундаж

24 цагийн дундаж

мкг/м3

241

81

 

Мөн Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ. MNS 900: 2018 стандартаар нийт цианид (CN) - 0,01 мг/л байна.

Усны чанар. Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага. MNS 4943:2015  нийт цианид (CN) - 0,05 мг/л.  Усны чанар. Газрын доорхи усыг бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ. MNS 6148:2010 нийт цианид (CN) - 0,1 мг/л байна.
 

Цианид бол үйлдвэрлэлд хэрэгцээтэй химийн бодис ба түүний гол үүрэг нь алт гаргаж авах явдал байдаг

-Цианидын хэрэглээ ер нь ямар байдаг вэ?

-Цианид бол үйлдвэрлэлд хэрэгцээтэй химийн бодис ба түүний гол үүрэг нь алт гаргаж авах явдал байдаг. 1887 онд анх Шинэ Зеландад уурхайд хэрэглэснээс хойш натрийн цианид нь дэлхий даяар хүдрээс алт болон мөнгө, зэс, цайр гэх мэт бусад металлыг гаргахад гол үүрэг гүйцэтгэх болсон байна.

Дэлхий нийтээр хэрэглэж байгаа нийт үйлдвэрлэсэн цианидын 20 хувь нь алтны хүдэр боловсруулахад, 80 хувь нь хуванцар (акрил, нейлон), эм үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах (кофег кофеингүйжүүлэх, хоолны давсыг харлахаас хамгаалах), металлыг бүрэх, хатаахад цианидыг хэрэглэж байна.

Манай улсын хувьд цианид натрийг хүдрийг боловсруулахад Говь-Алтай, Дорнод, Завхан, Төв аймгуудад уул уурхайн салбарт ашиглаж байна.  

 

-Тэгвэл манай аймгийн Дөрвөлжин сумын Цогт багт үйл ажиллагаа явуулж буй Баян-Айраг эксплорэйшн ХХК нь хэдэн жил цианид ашиглаж байна вэ?

-Манай аймгийн Дөрвөлжин сумын Цогт багт үйл ажиллагаа явуулж буй Баян-Айраг эксплорэйшн ХХК нь нуруулдсан хүдрээс үнэт металлыг уусгаж авахад уусмал байдлаар цианид натрийг хэрэглэдэг. 2014 оны 09 дүгээр сараас эхлэн нуруулдан уусгах технологи ашиглан ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаанд цианид ашиглаж байна.

 -Ингэхэд химийн бодис ашиглах зөвшөөрлийг хаанаас өгдөг юм бол?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг авдаг. Тусгай зөвшөөрлийг жилийн хугацаатай олгодог бөгөөд  тус зөвшөөрөлд ашиглах бодисын хэмжээг зааж өгдөг байгаа.


Цианид хэрэглэх тусгай зөвшөөрлийн хэмжээ 3.547тн байснаас 3.004 тонныг хэрэглэсэн байна

-Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн цианидын тусгай зөвшөөрөлд заасан хэмжээ болон хэрэглэсэн хэмжээг он оноор нь хэлж өгөхгүй юу?

-Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн хувьд 2014 оноос цианид хэрэглэж байна. Цианид хэрэглэх тусгай зөвшөөрөлд заасан хэмжээ 2014 онд 382 тонн байснаас 24 тонн, 2015 онд 383 тонн байснаас 233 тонныг нь хэрэглэсэн байна. Харин 2016 онд 350 тонн байснаас 274 тонн, 2017 онд 410 тонн байснаас 514 тонн, 2018 онд 382 тонн байснаас 651 тонныг тус тус хэрэглэжээ. 2019 онд 820 тонн байснаас 696 тонн, 2020 онд 820 тонн байснаас 612 тонныг хэрэглэжээ. Өнгөрсөн хугацаанд цианид хэрэглэх тусгай зөвшөөрлийн хэмжээ 3.547тн байснаас 3.004 тонныг хэрэглэсэн байна. Тус компани нь химийн бодисын ашиглалт, зарцуулалтын тайланг манай газарт улирал бүр ирүүлдэг байгаа.

-Энэхүү химийн бодисыг тээвэрлэхэд мэдээж тусгай журмын дагуу тээвэрлэдэг байх?

-Натрийн цианидын тээвэрлэлтийг Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газруудын хяналтын дор батлагдсан маршрут зохих зөвшөөрлийн дагуу хийдэг. Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн хувьд Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Арвайхээр хот-Баянхонгор аймгийн Баянхонгор хот-Говь-Алтай аймгийн Алтай хот-Ховд аймгийн Ховд хот-Завхан аймгийн Дөрвөлжин сум-Баян Айраг уурхай нийт/1895км/ гэсэн маршрутын дагуу тээвэрлэлтийг хийдэг байгаа.

Өнгөрсөн жил нийт таван удаагийн тээвэрлэлтийг зохих зөвшөөрлийн дагуу хийсэн байна. Харин энэ жил буюу 2021 оны төлөвлөгөө батлагдаагүй байна.  

-Ер нь натрийн цаианид алдагдсан тохиолдолд ямар арга хэмжээг авдаг юм бэ?

-Натрийн цаинид нь энгийн нөхцөлд усанд уусах чанар сайтай, тогтвортой бодис боловч агаарт задарч синилийн хүчил үүсгэдэг. Натрийн цаинид нь исэлдүүлэгч бодис, хүчил, устай урвалд ордог учраас эдгээр бодисоос тусад нь хадгалах шаардлагатай.  Газрын гадаргууд алдагдсан тохиолдолд хийж буй ажлаа зогсоох, ойр орчмын аюулгүй газар луу шилжих, аюулын бүсэд байгаа бусад хүмүүст яаралтай мэдэгдэх ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй.

Шатах, тэсрэх, гал цахилгааны эрсдэлтэй бүх эх үүсвэрийг холдуулах ялангуяа тамхи татах, ил гал гаргахыг хориглоно. Алдагдлыг зогсоох ажлыг хийнэ. Саармагжуулах бодис ашиглан хоргүйжүүлнэ. Бага хэмжээтэй алдагдсан тохиолдолд хуурай шороо, элс болон шатамхай бус материалаар дарах буюу бүтээж цааш тархах, бороонд норохоос сэргийлдэг байгаа.

 

-Баян-Айраг эксплорэйшн ХХК нь нийт зургаан удаагийн химийн бодис алдсан гэх  мэдээллийг  Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өгсөн байгаа. Та тодруулахгүй юу? Он дарааллаар нь?

-Тус компани нь зургаан удаагийн зөрчил гаргасан. Гэхдээ бүгд цианид алдсан асуудал бол биш юм.

Тодруулбал, 2014 онд Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн нуруулдан уусгалтын талбайн хамгаалалтын плёнк дээр жижиг оврын техник явснаас хамгаалалтын плёнк цоорсон. Мөн 2015 онд баяжуулах үйлдвэрийн нуруулдан уусгалтын үүр 11-р хэсэгт гарсан, 2016 онд баяжуулах үйлдвэрийн шугам хоолой хөлдсөн зэрэг асуудлуудаас үйлдвэрийн нягтаршуулсан талбайд цианидын сулруулсан уусмал асгарсан. Мөн 2017 онд Баян-Айраг эксплорэйшн ХХК-ний туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн CRTRM ХХК-ийн авто машин Их-Уул сумын Солонготын даваанд осолдож азотын хүчил, давсны хүчил, хөдөлгүүрийн тос асгарсан.

2019 онд Баяжуулах үйлдвэрийн нуруулдан уусгалтын талбайн 2-5-р үүрийн арын талбайд үерийн ус орсон, 2020 оны 08-р сард Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн нуруулдан уусгалтын талбайн хамгаалалтын далангаар үерийн ус нэвчсэн зэрэг зургаан удаагийн асуудал болсон байгаа. Түүнээс зургаан удаа цианид алдсан гэсэн үг биш юм. Үйлдвэрлэлийн осол бүр өөр байсныг мэргэжлийн байгууллага тогтоож, тухай бүр нь хариу арга хэмжээг авч ажилласан байна. Харин 2020 оны 12 дугаар сард мөн үйлдвэрлэлийн осол гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх.

Химийн бодис алдагдсан асуудал тухайн байгууллагын үйлдвэрийн бүсэд болсон байгаа

-Баян-Айраг эксплорэйшн ХХК цианид алдсан, үйлдвэрлэлийн осол гаргасан тохиолдол бүрд танайхаас тус байгууллагад ямар зөвлөмж, шаардлага өгч байсан бэ?

-Мэдээллийн дагуу манай байгууллага аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарсан төлөвлөгөөт бус шалгалтыг хийж, үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж холбогдох арга хэмжээнүүдийг тухай бүр авч ажилласан байгаа.

Дээрх асуудлуудад холбогдуулан улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох тухай акт гурав, үйл ажиллагааг сэргээх тухай акт гурав, бүтээгдэхүүний дүгнэлт тавийг үйлджээ. Мөн үйл ажиллагааны дүгнэлт хоёр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлага тавийг гаргаж, илэрсэн зөрчилд торгууль шийтгэлийн арга хэмжээ авч биелэлтийг тооцож ажилласан байна.

Тухайн байгууллага гаргасан зөрчлөө арилгаж албан шаардлагын биелэлтийг хангасан нөхцөлд мөн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тайланг үндэслэн үйл ажиллагааг нь сэргээдэг байгаа. Мөн 2017 оны Солонготын давааны осол, 2020 оны наймдугаар сард болсон хамгаалалтын далангаар үерийн ус нэвчсэн гэх асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн байгаа. Мэдээж оны өмнөх ослын шалтгааныг мэргэжлийн маш олон байгууллага ажиллаж дүгнэлтийг гаргасан байгаа.

-Химийн хортой бодис алдагдсан тохиолдолд болон, энэ талын хор хөнөөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар танайхаас иргэдэд ямар ямар арга хэмжээг авдаг вэ?

-Химийн бодис алдагдсан асуудал тухайн байгууллагын үйлдвэрийн бүсэд болсон байгаа. Энэ талаар тухайн үйлдвэрт ажиллаж байгаа химийн бодистой харьцаж ажилладаг ажилтнууд буюу иргэдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд хяналт тавьж холбогдох зөвлөгөө зааврыг өгдөг.

Мөн манай газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх бүрдээ химийн бодистой харьцаж ажилладаг ажиллагсдыг үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах, хамгаалах багаж хэрэгслийг ашиглах мэдлэг, дадлыг эзэмшүүлэх сургалтад хамруулж байгаа байдалд хяналт шалгалт хийж заавар чиглэл өгдөг байгаа. 

Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ