Гүржийн эрх баригч намын дарга улс төрөөс явлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-11 15:59:48

ТБИЛИСИ. /RIA Novosti/. Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” намын үүсгэн байгуулагч бөгөөд дарга, тэрбумтан Бидзина Иванишвили улс төрөөс бүрмөсөн явж байгаагаа мэдэгджээ.


“Өнөөдөр байгаа улс төрийн бүх тоглогчийн дунд эрх баригч баг үнэхээр хамгийн шилдэг нь бөгөөд өөр сонголт байхгүй. Эдгээр хүмүүсийн баг миний ажил, эрх мэдэл, ур чадварыг зохих ёсоор орлож чадна гэдэгт би итгэлтэй байна. Чухам ийм учраас миний даалгавар биелэгдсэн гэж би үзэж байна” гэж Иванишвили намынхаа цахим хуудсанд нийтэлсэн захидалдаа онцолсон байна.


2020 оны 10 дугаар сард болсон сонгуулиар “Гүржийн мөрөөдөл” нам дахин эрх баригч нам болсон юм. Иванишвилигийн хэлснээр, энэхүү үр дүн нь засгийн эрхийг барих найман жилийн хугацаанд улс орны улс төрийн соёлд ёс суртахууны өндөр хэм хэмжээг тогтоосон гэдэгт тэрбээр итгэл дүүрэн байх шалтгаан аж. Тиймээс тэрбээр улс төрөөс холдож, хуучин амьдралдаа эргэн орохоор шийджээ. Иванишвили өмнө нь бизнес эрхэлж байсан бөгөөд Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаж байсан юм.


Улс төрөөс явж байгаагийн бас нэг шалтгаанаар Иванишвили насаа нэрлэжээ. "Хэдхэн долоо хоногийн дараа (2 дугаар сарын 18 -нд) би 65 нас хүрнэ. Энэ бол мөн л улс төрийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргах чухал хүчин зүйлүүдийн нэг юм" гэж тэрбээр бичжээ.


Иванишвили “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” намыг 2011 онд байгуулжээ. 2012 онд тус нам “Гүржийн мөрөөдөл” эвслийн бүрэлдэхүүнд Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийн нам болох “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”-ийг парламентын сонгуульд ялсан билээ. Иванишвили Гүржийн Ерөнхий сайд болсон боловч 2013 онд огцорч, улс төрөөс түр зуур хөндийрсөн юм. 2018 онд тэрбээр намдаа эргэн ирж, намын даргаар сонгогджээ.


Холбоотой мэдээ