Аймгийн Засаг дарга Д.Бауыржан уриалга гаргалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-11 15:22:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс буулгаж байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тус аймгийн ард иргэдэд уриалга гаргалаа.

Тус уриалгад,

"Манай аймаг халдваргүй “ногоон бүсэд” тооцогдож буй. Гэвч нийслэлээс зорин ирэх хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Энэ нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, иргэн бүрийн хариуцлага, сахилга батаа улам сайжруулахыг сануулж байна.

Улсын Онцгой комиссын зэрэглэл бууруулсан шийдвэр бол “Ковид-19” халдвар байхгүй болсон гэсэн үг биш. Төр засаг ард иргэдийнхээ ухамсар, хариуцлагад итгэж, эдийн засгийн нөхцөл байдлыг бодсон шийдвэр юм. Тиймээс иргэн бүр:

-       Амны хаалтаа тогтмол зүүх;

-       Гарын ариун цэврийг сахиж;

-       Хүн хоорондын зайгаа баримталж;

-       Гэрээсээ онцын шаардлагагүй бол гарахгүй байх зэргийг анхаарна уу.

Дэлхий нийтэд цар тахлын аюул буурах өдий байна. Улс орнууд ковидын эсрэг вакцин бүтээж буй боловч 100 хувь итгэл найдвар тээгээгүй гэдгийг иргэд маань мэдэж буй. Тиймээс цаашид бид төдийгүй дэлхий даяараа шинэ нөхцөл байдалд хувь хүний ухамсар, хариуцлага, ёс зүй, хандлага хамгийн чухал үзүүлэлт болж байна.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хөндлөнгийн хүчин зүйлд бус өөрийгөө болон үр хүүхэд, эцэг эхээ хамгаалах үүрэг ногдож байна. Хэнийг ч үл ялган ирж буй цар тахлыг Эх орон, элгэн саднаа гэх сэтгэл байхад бид ялан дийлнэ.

Сайн цагийг тэвчээртэй, хариуцлагатай хүлээцгээе" хэмээжээ. 

Холбоотой мэдээ