Орос хэлний төвийнхөн Буянт, Мянгад сумын сурагчидтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-11 15:12:24

Ховд /МОНЦАМЭ/. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Ховд аймаг дахь Орос хэлний төв 2021 оны анхны ажлаа хөдөөгийн сумдаас эхэлжээ. 
Тус Орос хэлний төв нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн тусгай хуваарийн дагуу Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, тэдний эцэг эхтэй уулзалт зохион байгуулж байна. 

Энэхүү ажлын зорилго нь ОХУ-ын Засгийн газрын төсвийн зардлаар тус улсын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах, монгол иргэдийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл хүргэх, ахлах ангийн сурагчдад суралцах мэргэжлийн чиг баримжаа олгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэж буй.

Үүний дагуу тус Орос хэлний төвийн захирал, доктор, Алтайн улсын их сургуулийн доцент Д.Нямаа болон Томскийн улсын их сургуулийн аспирант Б.Цагаанбилэг нар Ховд аймгийн төвийн ойролцоох Буянт (25 км), Мянгад ( 45 км) суманд ажиллаж, ахлах ангийн сурагчидтай уулзалт хийжээ.  

Уулзалтын явцад ахлах ангийн сурагчдад орос хэл сурахын ач холбогдол, мэргэжлийн чиг баримжаа, орос хэлний бүсийн олимпиадын талаар мэдлэг олгов. Үүнээс гадна Оросын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжийн тухай яриа таниулга хийлээ.

Мөн Томскийн улсын их сургуулийн аспирант Б.Цагаанбилэг нь Томскийн улсын их сургуулийн бэлтгэл ангид өөрийн зардлаар хэрхэн орос хэл сурч эхэлсэн, улмаар ОХУ-ын Засгийн газрын төсвийн зардлаар үнэ төлбөргүй суралцаж, амжилттай төгсөж байгаа тухай сонирхолтой яриа өрнүүлж, туршлага хуваалцав.

Зарим сурагчид кино жүжигчин болохын тулд ямар шалгалт өгч болох талаар асуулт асууж, орос хэл, аялал жуулчлал, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлийн шалгалт өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уулзалтад Буянт, Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 25 орчим сурагч оролцсон аж. 

Сүүлийн 3 жилийн байдлаар Ховд аймгаас 20 гаруй оюутан, сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, хүссэн мэргэжлээрээ амжилттай суралцаж байна.

Энэ жилийн тухайд Ховд аймгаас хоёр сурагч шинээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болжээ. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Өмүнэгүлсэн, Эрдэнэбүрэн сумын сургуулийн сурагч М.Бадамханд нар  ОХУ-д тэтгэлэгтэй суралцах эрхтэй болсон. Тэд ОХУ-ын Засгийн газрын төсвийн хөрөнгөөр 2021-2022 оны хичээлийн жилд Оросын тэргүүлэх аль нэгэн их, дээд сургуульд өөрийн хүссэн мэргэжлээрээ сургалтын төлбөр, стипенд гээд нийт 60 сая төгрөгийн төлбөрөөс чөлөөлөгдөн суралцах аж.       

Холбоотой мэдээ