Жолооч нар гэрээний зарим заалтыг хасах тухай санал гаргав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-11 13:29:43

Ховд /МОНЦАМЭ/. Цэцэг сумын нутагт “Хөшөөтийн чулуун нүүрсний орд”-ны тусгай зөвшөөрөл авч, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Мо-Эн-Ко” ХХК болон Ховд аймаг дөрвөн жил тутамд хамтран ажиллах гэрээ байгуулдаг уламжлалтай. 

Үүний дагуу Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын 2021-2024 онд хамтран ажиллах гэрээг тун удахгүй шинэчлэхээр төлөвлөж буй.  

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын баг тус гэрээг шинэчлэн боловсруулж байгаа аж.

Иймээс “Мо-Эн-Ко” ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчид өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн төв талбайд тайван жагсаал хийлээ.

Энэ үеэр шинээр байгуулах гэрээний урьдчилсан загварт тусгасан зарим зүйл, заалтуудыг хасах, өөрчлөлт оруулах тухай санал хүсэлт гаргаж, танилцууллаа. Улмаар аймгийн удирдлагуудтай уулзаж, албан ёсоор хүсэлтээ уламжилсан юм.

"Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж буй 20 гаруй компани бий. Эдгээр компанид ойролцоогоор 600 орчим жолооч ажиллаж байна. Иймээс жолооч нарын эрх ашгийг хамгаалах, зарим тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ