БОАЖЯ: Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 24 хувь болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-09 12:00:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ 2021-2024 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлэх томоохон ажлынхаа талаар цувралаар мэдээлэл хийж байгаа.


Энэ удаад Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, ногоон хөгжлийн бодлогод байгальд ээлтэй дэвшилтэт техник технологи ашиглах зэрэг зорилт тусгасан талаар ярив.


Тэрбээр, БОАЖЯ 2024 онд хүртэл ХАН (хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ) бодлого барьж байгааг дурдаад, энэ хугацаанд Монгол орны ойгоор бүрхсэн нийт газар нутгийн талбайн хэмжээ 7,9 хувь байгааг 8,6 хувь хүргэх, нийт газар нутгийн 21 хувь буюу 32,8 сая га газар улсын тусгай хамгаалалтад байгааг 24 хувь болгох, цэнгэг усны нөөц урсац бүхий эхийн 55 хувийг хамгаалалтад авахыг онцолсон юм.


Ийнхүү тусгай хамгаалалтад авснаар байгалийн экосистемийг сайжруулах, тухайн газар нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах, энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийх нөхцөл бүрдүүлэх аж. Дэлхийд унаган төрхөө хадгалсан байгальтай цөөн орны нэг болох Монгол Улс тодорхой газар нутгаа тусгай хамгаалалтад авах нь ач холбогдолтой.


Түүнчлэн, БОАЖЯ бодлогоор гэр хорооллын нүхэн жорлонг сайжруулах стандарт баталж, тодорхой төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ жил хөрс, усанд бохирдол эрсдэл үзүүлж буй тодорхой бүсийг сонгож, эко жорлон суурилуулахаар төлөвлөснийг Л.Эрдэнэбулган хэлэв.


Засгийн газраас агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад урт хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. БОАЖЯ хөрс, агаар, усны бохирдол бууруулах богино хугацааны ажил хийж байна. Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянган өрх амьдардаг юм.

 

Холбоотой мэдээ