Арменийн Ерөнхийлөгч Германы удирдлагад талархлын цахилгаан утас илгээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-03 13:07:01

ЕРЕВАН./TASS/. Османы эзэнт гүрний үед буюу 1915 онд арменчуудыг үй олноор нь хөнөөсөн явдлыг “геноцид /хоморголон устгах/ мөн” хэмээн тодорхойлсон тогтоолыг ХБНГУ-ын Бундестаг баталсан явдалд Армен улсын Ерөнхийлөгч Серж Саргсян ХБНГУ-ын удирдлага болон тус улсын улстөрийн намуудад талархал илэрхийллээ.

Германы Ерөнхийлөгч Иоахим Гаук, Канцлер Ангела Меркель нарт Армений төрийн тэргүүн цахилгаан утас илгээж, дээрх асуудлаарх байр сууриа тодруулжээ. Тэрбээр дурдахдаа “Германы Бундестаг энэ тогтоолыг баталсан нь зөвхөн Армян болон Германы ард түмнүүдийн хувьд төдийгүй нийт соёлт ертөнцийн хувьд түүхэн алхам боллоо” гэж дүгнэсэн байна.

“Тогтоолыг баталсан явдал нь ардчилал, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс давамгайлж буйг илэрхийлж, эдгээр үнэт зүйлсийг хамгаалахын төлөө Герман улс тууштай зогсч байгааг нотлон харууллаа” гэж Ерөнхийлөгч С.Саргсян цахилгаан утсандаа онцлон тэмдэглэсэн байна. “Хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг 100 жил өнгөрсөн ч мартагддаггүй гэдгийг энэ тогтоол дэлхий нийтэд санууллаа” гэж тэрбээр мөн дурджээ.

Өмнө нь Арменийн Гадаад хэргийн сайд Эдвард Налбандян мэдэгдэл хийж “Армен улс Бундестагийн шийдвэрт талархаж байгааг” илэрхийлсэн байна. “Бундестагийн тогтоолоос гадна, өнгөрсөн онд Германы Ерөнхийлөгч И.Гаук арменчуудыг хоморголон устгаснаас хойш 100 жил өнгөрч байгаатай холбогдуулан мэдэгдэл хийсэн нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон хоморголон устгах явдлыг /геноцид/ гаргуулахгүй байхад оруулж буй германчуудын хувь нэмэр юм” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

“Османы эзэнт гүрний холбоотнууд байсан Герман, Австри хоёр арменчуудыг хоморголон хядсан явдалд тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байхад Османы эзэнт гүрэн геноцид үйлдсэн талаарх маргашгүй баримтыг Туркийн эрх баригчид үгүйсгэсээр байна” гэж Армений Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ