Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-07 15:33:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт өнгөрсөн онд нэгдэн орсноор энэ сарын нэгнээс хэрэгжүүлж эхэллээ.


Хэлэлцээрийн дагуу Монгол Улсаас хэлэлцээрт нэгдэн орсон улс орнуудад гаргах экспортын зарим нэр төрлийн барааны импортын татвар буурах юм.


Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш 1975 онд өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэхээр “Бангкокийн хэлэлцээр” байгуулсан.


БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орж, оролцогч талууд хэлэлцээрийн цар хүрээг 2005 онд өргөжүүлсэнтэй холбогдуулан “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)” болгон ёсчилсон.


Хэлэлцээр нь хөгжиж буй гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлж, тэдгээрийн эдийн засгийг дэмжих, худалдааг харилцан либералчлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, гишүүн орнууд хоорондын худалдаан дахь тариф, тарифын бус болон худалдаатай холбоотой бусад саад тотгорыг бууруулах зорилготой.


АНДХХ-ийн оролцогч талууд 4 удаагийн тарифын хэлэлцээ хийж 10677 бараа бүтээгдээхүүний гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохирсон. Тарифаас гадна гишүүн орнууд тарифын бус зохицуулалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрчээ.


АНДХХ нь хоёр хавсралт, барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журмаас бүрддэг. АНДХХ-ийн оролцогч талууд Худалдааг хөнгөвчлөх, Хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, Үйлчилгээний худалдааг идэвхжүүлэх, чөлөөлөх тухай ерөнхий хэлэлцээр байгуулсан.


Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 366 нэр төрлийн барааг багтаасан үндэсний хөнгөлөлтийн жагсаалтаар хэлэлцээрийн оролцогч талуудтай цуврал хэлэлцээ хийж, нэгдэн орох нөхцөлийг 2018 оны 9 дүгээр сард хангасан. УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 12-ны хуралдаанаар “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталснаар АНДХХ-ийн 7 дахь гишүүн улс болсноор ийнхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэллээ.

Бүтээгдэхүүний жагсаалтыг https://www.mongolchamber.mn/resource/mongolchamber/File/2020/10/26/3u7hmesu4242fmwx/1.1.5%20%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB.pdf?fbclid=IwAR1_CQUjxhPBXdh-Vf_0zC_GO4yDfyvjpGCy5K4WskDAaoPYyYxQ5akgvfk линкээс харна уу

 

Холбоотой мэдээ