Я.Содбаатар: Замын-Үүд, Эрээн дэх автомашины бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-04 17:45:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар болон Засгийн газрын гишүүд олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Хөл хориог сунгах үндэслэл нь юу вэ. Энэ хугацаанд халдварыг хязгаарлаж чадна гэж тооцож байна уу?


Я.Содбаатар: Мэргэжлийн байгууллагуудаас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан. Он гарснаас хойш хаанаас халдвар авсан нь тодорхойгүй 4 тохиолдол гарсан. Энэ бүх тохиолдлыг хумихаар ажиллаж байна. Саяхан Баянзүрх дүүргийн 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн 88 мянга 131 иргэн шинжилгээ өгсөн бөгөөд нийт хүмүүсээс тийм олон илрээгүй. Мөн иргэдээс санал авсан. Ингээд бид нөхцөл байдлыг тооцож байгаад сунгасан. Ер нь цар тахлын үед иргэдтэйгээ хамтрах ёстой. Иргэд төрийн бодлогоо дэмждэг, Засгийн газар нь иргэдийнхээ санал бодлыг хүлээж авдаг байх хэрэгтэй. Бид амаргүй ч гэсэн тодорхой шийдвэр гаргасан. Цаашдаа нөхцөл байдал хэрхэн өрнөхийг одоо тааварлах аргагүй. Эргээд дэглэм сунгахыг ч үгүйсгэх аргагүй.


-Өнгөрсөн сарын 29-нд ДЭМБ-ын албан ёсны цахим хуудсанд Монгол Улсад коронавирусний халдвараар нэг хүн нас барлаа гэж бүртгэсэн байна. Гэвч энэ мэдээллийг ЭМЯ-наас өгсөнгүй?


Т.Мөнхсайхан: “COVID-19” халдвар авсан хүн нас барсан учраас бүртгэлд орсон. Тухайн хүн бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппараттай эмчлүүлж байсан, маш хүнд хүн. Гэхдээ нас барсан үндсэн онош нь бүх биеийн булчингийн сулрал, дутагдал. Тухайлбал, зүрхний дутагдалтай хүн томуугийн вирус аваад нас барчих юм бол зүрхний дутагдлаар нас барсан л гэж явна шүү дээ. Коронавирусний халдвартай хүн уушгины хүнд хэлбэрийн эмгэг, амьсгалын дутагдлын улмаас нас бардаг. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхдаа коронавирусний халдвар авсан хоёр хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа. Энэ хоёр хүн сүрьеэгийн үлдэцтэй, зүрхний хэм алдсан, шигдээстэй. Цаашдаа биеийн байдал нь хүндрэх эрсдэл өндөр байна.

 

-Тусгаарлалтад байгаа байрнуудаас халдвар гараад байгаа нь ямар учиртай вэ. Халдвар хамгааллын шалгалт дутуу байна уу?


Я.Содбаатар: Тусгаарлах байрнаас халдвар тархаж байгаа эсэх талаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Тухайлбал, “Амар”, “Эрхэс” зочид буудал зэрэг зарим нэг тусгаарлах байртай холбоотой асуудлаар иргэдээс гомдол ирүүлсэн. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын баг тусгаарлах байруудад нэг бүрчлэн үнэлгээ өгсөн. Улаанбаатар хотод тусгаарлах 29 байр шаардлага хангаж байна гэж үзэж байгаа. Хяналтын камертай, хөдөлгөөн гарч, дэглэм алдагдвал сануулдаг дохиоллын системтэй. Хяналтын камерыг тагнуул, цагдаа давхар хянаж байгаа. Ер нь тусгаарлах байртай холбоотой асуудалд хаана хаанаа хариуцлагатай байх ёстой. Тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хатуу үүрэг өгч, алдаа гаргавал үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг сануулж байгаа. Нөгөө талдаа тусгаарлах байранд байгаа иргэд ч дэглэм журмыг чанд сахих ёстой.


-Хилийн боомтуудад ачаа бараа гацсанаас үүдэн авлигын сүлжээ үүсэж байна гэсэн мэдээлэл бий. Үүнд ямар хяналт шалгалт хийж байна вэ?


Я.Содбаатар: Цар тахлын улмаас зөвхөн манай улсад биш дэлхий нийтэд хил гааль дээр хүндрэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 99 улс хилээ хаагаад байна. Манай улсын хил ч өнгөрсөн оны 3 сараас хойш тодорхой хязгаарлалтад байгаа. Замын-Үүд боомтод өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 14-нийг хүртэл өдөрт дунджаар 25 автомашин орж, гарч байсан. Энгийн үед бол 220 автомашин орж гардаг. Нэг ёсондоо 10 дахин цөөн автомашин явж байсан тул Замын-Үүд талдаа ч, Эрээн талдаа ч ачааны бөөгнөрөл үүссэн нь үнэн. Тиймээс ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг БНХАУ-ын талтай 14, 15 удаа хуралдсан. Ингээд өнгөрсөн сарын 14-нөөс өдөрт 60 машин, өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдрөөс 100-150 машин гарч байгаа. БНХАУ-ын тавьсан шаардлагын дагуу Монголын талд 14 хоног, БНХАУ-ын талд 14 хоног тусгаарлагдсан 49 жолооч ээлжээр ажиллаж байна. Ингэснээр бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд орно гэж тооцож байна.

Анх хоёр талдаа 1000 гаруй автомашин бөөгнөрөөд байсан бөгөөд одоо цөөрч байгаа. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын баг Замын-Үүдэд ажиллаж байгаа. Зөрчил байвал хариуцлага тооцно. Хууль, дүрэм зөрчсөн асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа.

Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын улмаас цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хувийн эмнэлэг зарим нэг иргэнээ бүртгээгүйн улмаас голомт бидний тооцсон хугацаанд хумигдахгүй байх, нийтийн дунд халдвартай иргэн цөөнгүй хоног явах нөхцөл үүссэн. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна. Энхсаран сувилалтай холбоотой асуудалд мөн хүсэлт явуулсан бөгөөд ЦЕГ, АТГ шалгаж байгаа. Ойрын үед шүүх, прокурорт шилжих байх.

Холбоотой мэдээ