Зэвсэгт хүчний 2020 оны онцлох 10 үйл явдал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-01 15:19:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний 2020 оны онцлох 10 үйл явдлыг Батлан хамгаалах яамнаас нэрлэж байна.

 

1. ҮНДЭСНИЙ ЦЭРГИЙН СТРАТЕГИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛАВ

 

Монгол Улсын онцлогт тохирсон “Үндэсний цэргийн стратеги”-ийн үндсэн агуулгыг шинээр тодорхойлон гаргав.

 

2. ЦЭРГИЙН ДАЙЧИЛГААНЫ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭВ

 

Цэргийн дайчилгааны төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж баталгаажуулсан.

 

3. “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШТАБЫН БЭЛТГЭЛ СУРГАЛТААР ТЭРГҮҮЛЭГЧ АНГИ ШАЛГАРУУЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ


 

Зэвсэгт хүчний штабын бэлтгэл сургалтаар тэргүүлэгч анги шалгаруулах бэлэн байдлын үзлэгийг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад зохион байгуулж, ҮБХИС-тай хамтран штабын офицерын мэргэшүүлэх дамжааг 14 хоногийн хугацаатайгаар явуулан 40 офицерыг бэлтгэсэн.

 

4. ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

 

Оросын Холбооны Улсын Москва хотноо зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хурандаа Б.Хаш-Эрдэнэ даргатай Зэвсэгт хүчний 13 ангийн 75 цэргийн алба хаагчаас бүрдсэн салбар оролцсон.


5. ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Зэвсэгт хүчний 2019-2020 оны сургуулийн жилд АНУ-ын тусгай хүчинтэй хамтарсан “Баланс Мэжик-2020” тусгай хүчний хээрийн сургалт, дадлагыг Зэвсэгт Хүчний 084 дүгээр ангийн харьяа Тусгай хүчний сургалтын төв, Хужирбулан, Гачуурт, Богд уулын районд, “Тусгай ажиллагааны сургалт”-ыг нэмэлт хөтөлбөр, тусгай төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 084, 150, 330, 350 дугаар ангиудад тус тус зохион байгуулсан.

 

6. МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНҮҮДИЙН ХАМТАРСАН “СЭЛЭНГЭ-2020” ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ



Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургуулийн төвийн районд "Терроризмын эсрэг операцийн үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах" сэдвээр зохион байгуулж явуулсан. Энэ удаагийн сургууль цар тахлын улмаас анх удаа 2 улс төлөвлөлтийн хурлуудыг цахим хэлбэрээр явуулж, байлдааны буудлагыг өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулснаараа онцлог байна.

 

7. ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР, АХЛАГЧ НАР САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭВ


Дэлхийн олон улсад тархаж байгаа халдварт шинэ коронавирус /Covid-19/-ын тархалт цар тахлын хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, БНӨСУ, ИБНАУ-д явагдаж буй ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийн нийт 1000 гаруй ЦАХ-дын сэтгэлийн дэмээр бүрдсэн 12.6 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодис, уусмалыг Цэргийн төв эмнэлгийн урьдчилан сэргийлэх, тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, ажиглалтад байгаа иргэдэд гардуулан өгсөн. Түүнчлэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бие бүрэлдэхүүн 1,2 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивласан.

Зэвсэгт хүчний 27 анги, байгууллагын 1955 цэргийн болон ажилтан алба хаагчид 5865 хүнд цус хандивлаж амьдрал бэлэглэсэн байна.

 

8. ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЭНГИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭВ



Мэргэжлийн ахлагч бэлтгэх төв, Говьсүмбэр аймаг, Налайх дүүрэг дэх Политехникийн коллеж, МСҮТ-тэй хамтран хүнд машин механизмын оператор, засварчин, гагнуурчин, зам гүүрийн мэргэжилтэн, тогооч мэргэжлээр 180 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг сургалтад хамруулсан. Эдгээр төгсөгчдийг ахлагчийн бүрэлдэхүүнд авч, албан тушаалд томилгоожуулан бүтээн байгуулалтын ажилд үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн.

 

9. МОНГОЛ МАРШ УРАН БҮТЭЭЛИЙН НЭГДСЭН ЦОМОГ БҮТЭЭВ

 

Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн 70 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 142 дугаар анги 80 орчим марш, 10 CD бүхий “Монгол марш” уран бүтээлийн нэгдсэн цомог бүтээн гаргасан.

 

10. УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Уулын явган цэргийн дунд шатны нэгдүгээр сургалт”-ыг 10 дугаар сарын 5-30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтад Зэвсэгт хүчний 084, 120, 331 дүгээр анги, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний уулын явган цэргийн 23 дугаар бригадын сургалтын хөдөлгөөнт бүлэг оролцсон.

Холбоотой мэдээ