Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар улсад тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-31 11:51:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны үйл ажиллагааныхаа үр дүнгээр улсад тэргүүн байр эзэллээ гэж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээлэв.

-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, харьяа анги, байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.

Энэ хурлаар Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг дурдаад, зарим онцлох үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлэн, дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, байгууллагуудыг шалгаруулсан тушаалыг танилцуулсан юм.

Ийнхүү 2020 оны үйл ажиллагаагаараа манай газар улсын хэмжээнд тэргүүлж шилдэг газар боллоо. Манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017, 2018 онд мөн үйл ажиллагааны үр дүнгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүлж байсан юм. Энэ онд бид хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлж, байгууллагынхаа материаллаг баазыг сайжруулах, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах, олон нийтийн эерэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Ирэх 2021 оныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлж, албаны бэлэн байдал, сахилга бат, ажлын хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан” гэв. 

Холбоотой мэдээ