Хүүхдийн дууны шинэ бүтээлийн эхний шалгаруулалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-12-30 13:00:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах” цахим уралдааныг зохион байгуулж байна. 

Уралдааны эхний буюу нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 25-нд болж, 23 бүтээл шалгаран хоёр дахь шатны уралдаанд оролцохоор болов. Үүнд, Б.Ганхуягийн үг, ая "Бид хайртай" дуу 2-3 насны ангилалд шалгарсан бол, Б.Мөнгө-Өлзийгийн ая, О.Сандуйгийн үг "Миний хөөрхөн дүү", Б.Эрдэнбаярын ая, О.Гончигсүрэнгийн үг "Монгол наадгай" дуунууд удаалсан байна. 

“Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах” цахим уралдааныг хүүхдийн дууны урын санг баяжуулах, хүүхдийн дуугаар дамжуулж монгол хүнийг бага наснаас нь хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлдэг эх оронч иргэн болгон төлөвшүүлэх, авьяас чадварыг нь илрүүлж, хөгжүүлэх, уран бүтээлчдийн ажлыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Соёл урлагийн газрын дэргэдэх хөгжмийн урлагийн уран сайхны зөвлөлийн ахлагч, хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболд нар ажиллаж байна.

Уралдаанд нийт 79 хөгжмийн зохиолч, ая зохиогч 169 бүтээл илгээжээ.


Холбоотой мэдээ