НДШ төлөгчийг торгох шийтгэлээс чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-25 15:28:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улсын Засгийн газраас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан ч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй юм.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Ганбаатар, М.Оюунчимэг нарын асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Байнгын хорооны дарга Б.Жавхлан нар хариулт өгсөн юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Холбоотой мэдээ