ОПЕК-ын 169 дүгээр хуралдаан Венад эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-06-02 10:16:24

ВЕНА. /Sputnik/. Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүн орнуудын Нефтийн сайд нар өнөөдөр Австрийн нийслэл Вена хотод цуглаж, нефть олборлолтыг хязгаарлах, байгууллагын шинэ тэргүүнийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх гэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОПЕК-ын гишүүн болон ОПЕК-ын гишүүн бус нефть олборлогч орнуудын төлөөлөгчид Катарын нийслэл Доха хотноо уулзаж, нефтийн ханшийг өсгөх зорилгоор олборлолтыг нэгдүгээр сарын түвшинд барих талаар хэлэлцсэн боловч нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй юм. Тухайлбал, Саудын Арави уг саналыг дэмжсэн бөгөөд олборлолтоо хязгаарлахыг Иранаас шаардсан байна.

Венад болох уулзалтаар хэлэлцэх нэн тэргүүний асуудал бол нефтийн зах зээлийн нөхцөл байдал болон түүхий нефтийн ханшийн хэлбэлзлийг хэрхэн зохицуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргах явдал юм.

Өөр нэгэн чухал асуудал бол ОПЕК-ын тэргүүн Абдалла Салем Бадригийн халааг авах хүнийг тодруулах явдал ажээ. Бадри 2013 онд халаагаа өгөх ёстой байсан боловч шинэ тэргүүнийг сонгох тал дээр гишүүн орнууд санал нэгдэж чадаагүй тул тэрбээр үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ