Шилдэг хүүхдүүдийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-02 01:00:59

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж аймгийн Засаг дарга сурлага, урлаг, спортоороо үе тэнгийнхнээ манлайлагч хүүхдүүдийг хүлээн авч уулздаг уламжлалын дагуу аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Энхболд хүүхдийн оролцооны байгууллагуудын шилдэг 21 хүүхдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар аймгийн Засаг дарга Дархан хотынхоо түүхэн замнал, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн талаар ярьж Дархан хотын “Хүндэт дэвтэр”-ийг шилдэг хүүхдүүдэд танилцуулж хөдөлмөр бүтээлээрээ олонд алдаршсан ахмадуудын талаар сайхан дурсамж хүүрнэв. Уулзалтад оролцсон хүүхдүүд аймгийн Засаг даргад хүүхэд багачуудын эрүүл мэндэд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан ямар ажлууд төлөвлөж байгаа вэ? сумдад бүтээн байгуулалт хэрхэн өрнөх вэ?, хуучин шинэ хоёр Дарханы хөгжлийн ялгаа, 10 жилийн дараах Дарханы хөгжлийг юу гэж харж байна? зэрэг асуултуудыг аймгийн Засаг даргад тавилаа.

Засаг дарга А.Энхболд:-“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ганц өдөр тэмдэглээд өнгөрүүлэх биш өдөр бүр хүүхдийн эрхийг хамгаалсан, өдөр бүр хүүхдүүд баяр хөөрөөр бялхсан хүнлэг нийгмийг цогцлооход эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аймгийн удирдлагууд чухал нөлөөтэй. Иймд усан парк, мөсөн гулгуурын талбай болон хөл бөмбөгийн олон улсын жишигт нийцсэн талбай бүхий “ Миний Найрамдлын Дархан”, “Ухаалаг ирээдүй” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна” гэв. 

                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ