Дархан-Уул аймаг “Жаргалтай Дарханы хүүхдүүд” уриан дор тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-02 00:52:25

Эх үрсийн баяр зургаан сарын нэгнийг Дархан-Уул аймаг “Жаргалтай Дарханы хүүхдүүд” уриан дор тэмдэглэж өнгөрүүллээ.

Энэ өдөр тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын “Зөв Монгол хүүхэд”, “”Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурлага, урлаг,спортын амжилтаараа үе тэнгийхнээ манлайлж аймаг, улсын нэрийг өндөрт өргөж яваа “Шилдэг тэргүүний 1000 хүүхдийн баяр”-ын жагсаал, 300 хүүхдийн бие биелгээ, 80 авьяаслаг хөгжимчин хүүхдүүдийн тоглолтууд Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т болов.

Дээрх уриан дор тэмдэглэсэн “Хүүхдийн баяр-2016” баярын ажиллагааг дэмжиж хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс хүүхдүүдэд “Баярын бэлэг” өгч оролцсон юм. Тухайлбал аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар 108 хүүхдийн бэлэг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Дархан Тээвэр” ХХК, “Монгол алт” ХХК, “Алтан хүнс” групп, “Нобу” ХХК, Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК, “Тахь-Ко” ХХК зэрэг байгуулагууд тус бүр 50 хүүхдийн бэлэг өгсөн бол “Газар буудай” ХХК 20 бэлэг зэргээр 30 орчим байгууллага, хувь хүн зорилтот бүлгийн 1000 хүүхдэд бэлэг бэлдсэнээ гардуулж баярлууллаа. Хүүхдийн дуу хуур инээд хөөр цалгисан энэхүү “Хүүхдийн баяр-2016” баярын үйл ажиллагаа “Дархан 50 цогцолбор”-т 12  цагт эхлэж аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Энхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцож баяр хүргэж үг хэллээ. Энэ өдөр “Миний Монгол Цэцэрлэгт хүрээлэн”, “Найрамдал талбай”-д хүүхдэд зориулсан урлаг, спортын олон ажил зохиогдлоо.

Мөн өдрийн өглөөний 9 цагаас оройн 18 цагийн хооронд төв замыг хөдөлгөөнийг хааж аюулгүй тайван орчинд хүүхдүүдийн баяраа тэмдэглэх нөхцлийг бүрдүүлж баярлууллаа. 

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод эх үрсийн баяр зургаан сарын нэгэнд ихээхэн ачаалалтай өнгөрсөн газрын нэг бол “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн” юм. Энэ өдөр тус цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн дуу шуугианаар цалгиж өнжлөө.

Дарханчуудын амрах, алжаалаа тайлах дуртай газрын нэг болсон уг цэцэрлэгт хүрээлэн нь 12 орд бүхий ногоон байгууламж, усан оргилуур, гэрэлтүүлэг, уран баримал, зам талбай гээд бүхий л зүйл нь орчин үеийн өвөрмөц шийдэлтэй орчныг бүрдүүлсэн газар юм. Мөн үеэр аймгийн Онцгой Байдлын газраас зохион байгуулсан “Гал тоглоом биш” зургийн уралдаан болон шүлэг, дууны, бүжгийн уралдаанууд ээлж дараалан боллоо. Тус аймгийн Сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийн урлагийн бүх төрлийн тоглолт, уралдаанууд болсон бол аймгийн Төв Номын сан, Хүүхдийн Номын ордон, Залуучууд театр, Музей зэрэг аймгийн соёлын байгууллагуудын хүүхдийн баярт зориулсан тусгай хөтөлбөр, номын худалдаа, хөгжөөнт тоглоомыг төрөл бүрээр зохион байгуулж явууллаа. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн байнгын ажиллагаатай бүх төрлийн хөдөлгөөнт тоглоомууд дараалал, ачаалал ихтэй өнжлөө.

                                                                                                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ