ЭНЭ ОНД ГАРСАН ОНЦЛОХ 15 НОМ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-12-17 20:44:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Энэ онд дэлхий нийтээр COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор хэвлэлийн зарим үйл ажиллагаа зогсож, номын сан, дэлгүүрүүд ч мөн хаалгаа барьсан билээ. Гэвч уран бүтээлч хүн ямар ч цаг нөхцөлд бүтээн туурвиж байдаг учир Монголд олон шинэ ном хэвлэгдэж уншигчдын гарт хүрсээр байсан юм. Түүн дундаас Монголын болон орчуулгын бүтээлүүдээс гадна хүүхдийн уран зохиол зэрэг онцлох 15 номыг уншигчдадаа хүргэж байна.

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ОНЦЛОХ 5


ӨЧИГДӨР УУЛЗЪЯ (Бүрлээчийн монолог)


Өдгөө Монголд хамгийн олон уншигчтай зохиолчийн нэг нь Г.Аюурзана. Түүний энэ онд хэвлүүлсэн “Өчигдөр уулзъя” роман нь өмнө гаргасан “Сахиуст хангайн нууц” зохиолын үргэлжлэл “Сүнсний томъёо” романых нь өмнөх үйл явдлыг хадгалсан бүтээл юм. Өнгөрсөн цаг хугацаанаас зуураад үлдэх дурсамж доторх тэр нэг хүн, үйлийн үрийн хамгийн гүн гүнзгий бодол дунд хөврөх зүүд ч мэт ахуй, үрээд л дуусчихсан амьдрал дундаас нандин учралынхаа тухай санагалзах зэргийн тухай уншиж болно. Романы бичлэгийн хэлбэр нь нэрнийхээ агуулга шиг өвөрмөц болохтой олон уншигчид санал нэгдэх биз ээ. Ерөнхийдөө хүүрнэл зохиолын нэгэн элемент болох монолог хэлбэрээр бичигдсэн юм.


ЦОГТ ЧАНДМАНИЙН ЭРЭЛД


Энэ бол аяллын тухай ном. Тэр болгон хүний хөл хүрдэггүй Түвдийн цаст өндөрлөг, Хойд Солонгос, Халимаг, Шинжаан, Казахстанаар аялсан тэмдэглэл бий. Харин нөгөө талаас энэ бол түүхийн ном. Түвд орны сүм хийдийн нууцын тайлал, Шинжааны түүх, цаашилбал Халимаг, Торгуудын баатарлаг түүх, нүүдэл, шинэ үеийн Астанагийн бэлгэдэл гэх мэт олон газарт зочилсон түүх бий. Номын эхэнд өгүүлэгдэх чандмань чулууны тухай түүхэн боловч домог мэт уран сайхантай хольсон бичлэг нь өөрийн эрхгүй “Бурхдын хотын эрэлд” цуврал номуудын зохиолч Э.Мулдашевийн бичлэгийн өнгө аясыг санагдуулна.

Хамгийн гол нь аялсан газруудын түүх, домог нь монголчууд болоод нүүдэлчдийн түүхтэй хэрхэн холбогдох талаар өгүүлснээрээ уг бүтээл онцлогтой юм.


УСГАЛ


Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэгийн шинэ роман “Усгал” нэртэйгээр уншигчдад хүрсэн юм. Тэрээр “Гэсгээгдэгсэд”, “Тэнгэрийн цаг болоогүй” туужууд “Оройн ганц мод”, “Тунгалаг хөх асар”, “Норгой” зэрэг романуудаараа уншигчдын хэдийнээ танил болсон зохиолч, орчуулагч билээ.


Түүний ихэнх бүтээлүүдээс шинэ цагийн иргэншил дунд мартагдаж буй нүүдэлчдийн ахуй соёлыг голчлон эгэл, нууцлагдмал эрс тэрс дүрүүдээрээ дамжуулан ёс заншил, байгалийн хүнд хэцүү шалгаралд зохицон амьдрахдаа танин мэдсэн Монголчуудын оюун санааны үнэт зүйлсийг нээн илрүүлдгээрээ онцлог. Харин энэ удаагийн “Усгал” роман нь энэ дэлхий дээр хэзээ ч нэгдэн нийлдэггүй ус, гал хоёр буюу нэгдэн нийлвэл гайхамшгийг авчрах үзэл санаанд тулгуурлан бүтээгджээ. Яг туульсийн эхлэл, үлгэр доторх үлгэр шиг л мэдрэмжийг уншигчдад түгээнэ.


“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН: ИЖ СУДАЛГАА”


Улс үндэстэн бүрт аж ахуй ба соёлын хөгжил дэвшил, үүх түүх, гарал угсааг нь сийрүүлэн өгүүлсэн дурсгалт бичиг байдаг. Хойд хөрш болох Орос улсад л гэхэд “Игорийн хорооны үг” гэх аравдугаар зууны үеийн бүтээл буй бол Францад “Роланд баатрын дуулал”, Гүржид Руставелийн “Барсан хэвнэгт баатар”, харин эртний Грек “Илиада”, “Одиссэй” зэрэг зохиол, баатарлаг туульс бий. Харин манай орны хувьд соёлын анханд тооцогдох бичгийн дурсгал нь “Монголын нууц товчоон” юм.


Тэгвэл профессор Б.Сумьяабаатар 1960-аад оноос эхлэн “Монголын нууц товчоон”-ыг судалж хөрвүүлэг болон орчуулгын талаарх эртнээс эдүгээ хүртэлх ээдрээтэй олон асуудлыг нэгэн мөр болгоход чиглэхийн сацуу шинэ нээлт, ховор баримт, иж бүрэн судалгааг хамруулсан цогц бүтээлийг хэвлүүлсэн нь энэ оны онцлох судлал шинжилгээний бүтээл билээ. 2262 хуудастай тус номыг “Утга зохиолын судлал шинжлэл” редакц, “Их цуврал”-ын тэргүүн ботиор нэрлэсэн бөгөөд “Жи ком” пресс хэвлэлийн газарт хэвлүүлжээ.


ХАРААЦАЙ ЗОГСОЛТ


Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн хоёр дэвтэр бүхий шинэ роман “Хараацай зогсолт” нэртэйгээр уншигчдад хүрсэн нь энэ оны онцлох бүтээлүүдийн нэг байв. Уншигчид Л.Өлзийтөгс зохиолчийн романыг удаан хугацаанд хүлээсэн байж таарна. Харин миний л хувьд түүнийг “Үзэхийн хязгаар II” нэртэй ном гаргах болов уу хэмээн таамаглаж байсан ч оронд нь нэрнээсээ эхлүүлэн сонирхол татсан хоёр дэвтэр роман гаргажээ.


Өмнө нь тэрээр “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, “Хотын үлгэрүүд” өгүүллэгийн түүвэр, “Үзэхийн хязгаар” эсээ, дурсамжийн номоо уншигчдад хүргэж байв.


ОРЧУУЛГЫН УРАН ЗОХИОЛЫН ОНЦЛОХ 5




ОДИССЭЙ


Эмгэнэл харуусал, хайр энэрлийн хүчээр олж авсан эрхэм дээд аз жаргал. Дээр нь агуу их бишрэл бахдалыг нэмэх хэрэгтэй. Хүн төрөлхтний уран зохиол, соёл урлагийн охь дээж болсон гайхамшигт туульс, түүнийг бүтээгч Хомэрийг ингэж тодорхойлбол эргэлзэх уншигч үгүй. Эртний Грек, Ромын бурхдын талаарх өчүүхэн зааг ялгааг ч хамгийн ил тодоор урлан бүтээсэн шинэлэг бичиглэлийн өнгө аястай туульс бол Хомэрийн “Одиссэй”. Өрнөдийн соёлын хүрээнд Хомэрийн туульстай энэ зэрэгцэхүйц бүтээлд “Библи” судар болон Шекспирийн эмгэнэлт жүжгүүд, Дантэгийн туурвилууд л багтдаг.


Арван жил үргэлжилсэн Тройн дайнд ялалт байгуулсан эрэлхэг Одиссэй баатар дахин арван жилийн дараа зовж зүдрэн байж гэртээ харьж, хайртай хатан Пенелопагаа өшөөт сүйчдийн гараас аварч, эх нутагтаа эргээд эзэн болон сууж буй талаар тус туульсд өгүүлдэг. Нийт 24 дууллаас бүрдэх эл туулийг МУСГЗ Д.Цахилгаан эх монгол хэлийнхээ баян тансаг үгсийн эрдэнээр сүлжин зангидаж хөрвүүлэн “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Магадгүй тус номын орчуулга, анх удаа бүрэн эхээр хөрвүүлэгдсэн уг хэвлэл цаг улирал өнгөрөх тус үнэ цэн нь улам өсөх болов уу.


МЭЛХИЙ


Энэ онд “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм”, Жан Жылүгийн “Цахилгаан жаал”, Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм”, Нил Гейманы “Коралайн” зэрэг олон зохиол орчуулан хэвлэж уншигчдад хүргэсний дотроос хамгийн сүүлд гаргасан, яруу найрагч А.Урантогосын монголчилсон Мө Янийн “Мэлхий” романыг онцолж байна.


Мө Янь нь “Мэлхий” романаар Хятадын үлгэр домгийн өнгө аясыг орчин үеийн туурвил зүйтэй сүлэлдүүлэн бичсэнээс гадна хий үзэгдлийн реализмыг түүхэн бичлэг, тухайн цаг үеийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд эл бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Мө Янь уг бүтээлээрээ бүхэл бүтэн нэгэн үеийн бие сэтгэлийн өлсгөлөнг илчлэхийг урьтал болгосон хэмээн хэвлэлийн газар цохон тэмдэглэжээ.


ХЭРХЭН АМЬДРАХ ВЭ?


Бид Монтэнийн эсээг мэднэ. Харин түүний амьдралын талаар сонирхон уншиж байсан нь хэд бол. Тэгвэл “Арвис паблишинг”-аас албан ёсны эрхтэйгээр гаргаж буй Сара Бэйквэллийн “Монтэнийн намтар: Хэрхэн амьдрах вэ?” номыг сонирхож үзээрэй. Суутны намтрыг асуултанд өгөх 20 хариулт байдлаар дэлгэрэнгүй хүүрнэснээрээ эл ном онцлогтой.


Намтрын зохиол төрөлд “National Book Critics Circle Award” шагналыг хүртсэн тус бүтээлийг орчуулагч П.Номинбилэг монгол хэлнээ хөрвүүлж, зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана редактороор ажиллажээ.


ХӨВГҮҮН ИРЛЭЭ


Солонгос зохиолчдын уран бүтээл Монголд тэр бүр орчуулагдаад байдаггүй ч сүүлийн үед хэдэн зохиолчийн роман тууж хэвлэгдсэн билээ. Түүн дотроос энэ онд гарсан Хан Ганы “Хөвгүүн ирлээ” зохиолыг онцлон хүргэж байна. Хан Ган нь 1994 оноос богино өгүүллэг роман бичих болж, эх орондоо утга зохиолын олон арван шагналыг хүртсэн аж. Харин 2007 онд бичсэн “Цагаан хоолтон” роман нь 2016 онд англи хэлнээ хөрвүүлэгдэж “Мэн Бүүкерийн шагнал” хүртсэн юм.


“Хөвгүүн ирлээ” зохиолд нь 1980 оны тавдугаар сарын 18-27-ны хооронд зохиолч Хан Ганы төрөлх хот Кванжуд өрнөж, цэргийн хүчээр дарагдсан бослогын тухай өгүүлнэ. Эхнээсээ төгсөх хүртэл цэргийнхэн жирийн ард иргэдийг хэрхэн хоморголон устгасан талаар гурван өдрийн үйл явдал голчлон өгүүлэгддэг. Тус роман нь долоон бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүрт Кванжүгийн цуст аллага, харгислалд өртсөн долоон хүний тухай өгүүлж, тэднээр үйл явдлыг хүүрнүүлдэг байна.


ОРШИХУЙ №2




“Boobooks” хэвлэлийн газрын “Андерграунд цуврал”-аар Оросын авангард зохиолч Данийл Хармсын “Оршихуй №2” бүтээл хэвлэгдэн гарчээ. Тус номыг яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадулам дуун хөрвүүлсэн юм. Уг ном нь Данийл Хармсын бүтэн бичигдмэлүүд монгол хэлнээ орчуулагдаж буй анхны тохиолдол билээ. Өмнө нь Орчуулагч Ч.Мөнхбаяр Хармсын зохиол бүтээлээс анх монгол хэлнээ буулгаж байжээ. Түүний орчуулгууд хориод жилийн тэртээ “Өчигдөр” сонинд (1997 он) хэвлэгдэж байсан түүхтэй. Харин Г.Аюурзанын эрхлэн гаргасан “Дэлхийн сонгомол өгүүллэг” орчуулгын антологид (2010 он) Хармсын “Зүүд”өгүүллэг оржээ. Мөн орчуулагч Д.Дашмөнх “Цэвэрхэн саруулхан газар” нэртэй орчуулгын түүвэртээ (2016 он) Данийл Хармсын 10 гаруй өгүүллийг орчуулан оруулсан байдаг.


ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН СОНГОДОГ 5


“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” (хүүхдэд зориулсан хувилбар)


“Монголын нууц товчоон” бол монголчуудын үнэт өв юм. Тиймээс хүүхэд залуусыг заавал унших, мэдэх ёстой гэдэг. Харамсалтай нь эх зохиол нь уншихад тун хэцүү үг хэллэгтэй тул хүүхдүүд залхах, ойлгохгүйгээр шууд цээжлэх хандлагатай байдаг шүү дээ. Иймд  хүүхдийн үг хэллэгээр бичигдсэн, хүүхдийн сонирхолд нийцсэн хялбаршуулсан хувилбарыг (товчлол, хураангуйлал биш) ийнхүү уншигчдад хүргэсэн нь нэн олзуурхууштай.


Тус хувилбарыг бүтээсэн хүүхдийн “Жангар” редакцийн хамт олны зүгээс “Хүүхэд аав ээжтэйгээ л хамт ном унших дуртай байдаг учраас хүүхдийнхээ хэрхэн хүлээн авч байгааг болон эрэлт хэрэгцээнд нь нийцэж буй эсэхийг бидэнд уламжилбал туйлаас баярлах болно. Энэхүү бүтээл хүүхэд залуусыг ёс уламжлалаа сонирхон судлах, цаашлаад “Монголын нууц товчоон” төдийгүй ардын тодотголтой зохиол бүтээлийг эх хувиар нь унших хүсэл тэмүүлэлд хөтлөг ээ” хэмээн номын өмнөтгөлд дурдсан байна.


КОРАЛАЙН




Товчин нүдэт Коралайн туужээс сэдэвлэж бүтээсэн ижил нэрт киног мэдэхгүй хүүхэд ховор. Английн зохиолч Нил Гейманы орчин цагийн хамгийн алдартай туужуудын нэг болох “Коралайн” 2002 онд анх хэвлэгдсэн даруйдаа уран сэтгэмжит зохиолд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Hugo Award”-ийг туужийн төрөлд хүртэж байжээ.


Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туужийг орчин цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэдэг юм.


ТЭНГЭРИЙН ОХИН


Үлгэр бол ид шидээс гадна уран нарийн, басхүү зөв шийдэл, хүүхдийн насны онцлогт тохирсон гээд олон янз байдаг. Гол нь өгүүлэгдэж буй зүйлс нь хэчнээн сонирхол татам баялаг үйл явдал дүрслэлүүдээр дүүрэн байна, төдий чинээ хүүхэд тухайн үлгэрт дурлах нь мэдээж. Энэ онд гарсан олон үлгэрийн номын дундаас зохиолч Б.Ичинноров, зураач Х.Гангамөрөн нарын “Тэнгэрийн охин” –ыг онцолж байна.


1001 ШӨНИЙН ҮЛГЭР (хүүхдэд зориулсан хувилбар)


Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон номуудыг эрхлэн гаргахаас гадна сонгодог зохиолуудыг насны онцлогт нь зориулан “Хүүхдэд зориулав” гэсэн дэд гарчигтайгаар уншигчдад хүргэсний хоёр дахь нь “1001 шөнийн үлгэр” юм.


“1001 шөнийн үлгэр”-ийг хүүхэд унших нь хэр зохимжтой вэ? Сонгомол эх хувилбарт нь хүндхэн хүчирхийллийн үйл явдлууд, янаг амрагийн учрал ихээр гардаг. Харин алхам тутмаас нь ид шид биежих, хоорондоо сүлжилдсэн амтат үлгэрүүдийг хүүхэд сонирхох нь мэдээж. “Алладин ба шидэт дэнлүү”, аварга халим, үлэмж биетний орон, хүслийг биелүүлдэг бирд, “Али Баба ба дөчин дээрэмчин” хэмээн захаас нь дурдвал мэдэхгүй хүүхэд ховор. Аргентиний суут зохиолч Борхес л гэхэд “Хүүхэд наснаасаа л дуртай байсан номынхоо тухай, “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн тухай ярина гэдэг гайхалтай” хэмээн уулга алдсан байдаг.


ЦАХИЛГААН ЖААЛ


“Тагтаа” хэвлэлийн газрын хүүхдэд зориулсан номын хоёр дахь нь Хятадын алдартай хүүхдийн зохиолч, “Ханс Христиан Андерсаны нэрэмжит” шагналт Жан Жылүгийн хамгийн алдартай бүтээл болох "Цахилгаан жаал" хүүхдийн роман байлаа.


Байгалиас заяасан ер бусын чадвараасаа болж бусдад ад шоо үзэгдэн гадуурхагдаж буй нэгэн хүүгийн түүхээр дамжуулан хүч чадлаа эгнэгт сайн сайхны төлөө зориулсны хариуд хүн юунд хүрч болдгийг харуулсан энэ зохиол үе үеийн олон хүүхдэд урам зориг, итгэл өгч, хүнлэг, сэтгэлийн хаттай хүмүүс болон төлөвшихөд нь тусалсан билээ. Мөнхүү энэ зохиол хүүхдийн ертөнцийг хал үзэж, хашир суусан томчуудын нүдээр дээрээс нь тонгойж харах бус тэдний өөрсдийнх нь гэнэн цайлган, хиргүй тунгалаг нүдээр дэргэдээс нь харах боломжийг ч томчуудад олгодог.

Холбоотой мэдээ