Трамп, Пенс тэргүүтэй өндөр албан тушаалтнуудад вакцин хийлгэхийг санал болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-14 10:47:16

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах төлөвлөгөөний хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс тэргүүтэй өндөр албан тушаалтнуудад саяхан зөвшөөрөл авсан вакциныг хийлгэхийг санал болгоно гэж уг төлөвлөгөөнд ойр эх сурвалж мэдээлжээ.


Цагаан ордны шаардлагатай боловсон хүчин, Засгийн газрын гурван салбарын тодорхой төлөөлөгчдийг ирэх 10 хоногийн дотор дархлаажуулна гэж эх сурвалж мэдээлсэн байна.


Харин коронавирусний халдвар авч, эдгэрсэн Д.Трамп вакцин хийлгэх эсэх нь хараахан тодорхойгүй байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден, дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис болон тэдний шилжилтийн багийн гишүүдийг дархлаажуулах эсэх нь мөн тодорхойгүй байгаа ажээ.


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн ажлын хэсэг “Pfizer”, BioNTech” компанийн гарган авсан “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг өнгөрсөн бямба гарагт санал болгосон юм.


Даваа гарагт АНУ даяар 145 хэсэгт вакциныг хүргэх бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын өндөр настай үйлчлүүлэгчдийг дархлаажуулахаар төлөвлөжээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 16 сая гаруй хүн халдвар авч, 299 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ