Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлийг цахимаар авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-12 13:36:58

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлийг энэ сарын 15-ны өдөр цахимаар авна.

Тодруулбал, Төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээр хангах зорилтын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 25–ны байдлаар 195 ажлын байр сул байгаа мэдээлэл гарчээ.

Тиймээс Төв аймгийн төрийн албаны зөвлөлөөс нэн тэргүүнд нөхөгдөх боломжтой 66 ажлыг байрыг нийтэд зарласан байна. Уг ажлын байранд төрийн захиргааны удирдах албан тушаал 9, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаал 57 байгаагаас дэс түшмэлийн албан тушаал 29, туслах түшмэлийн албан тушаал 28 байгаа аж.

Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл “Энэ удаад зарлагдсан төрийн тусгай албаны шалгалтын материалыг нэг хоногийн хугацаанд авч байгаа гэдгийг сануулах нь зүйтэй. Харин шалгалтыг Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 тогтоолын дагуу тусгай шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс шалгалт өгөх хүмүүс эхний ээлжинд тусгай шалгалтын журам болон сонгон шалгаруулалтын зартай сайтар танилцаж, тухайн зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл бүртгэлд хамрагдахыг зөвлөе” гэв.

Шалгалт энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт Төв аймгийн ЗДТГ-т эхлэх бөгөөд бүртгэлд хамрагдахдаа шаардлагатай баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн нэг PDF файл болгон tuv@csc.gov.mn цахим хаягаар тогтоосон хугацаанд илгээнэ. Үүнд баримт дутуу болон хугацаа хоцорсон тохиолдолд нөхөж авах боломжгүй юм. Мөн бүртгэлийн материалыг шалгалтын комисс нягтлан үзсэний дараа утсаар холбогдож мэдээлэл өгөх учир өөрийн утасны дугаарыг үнэн зөв, бүрэн гүйцэд бичихийг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ