Намрын бүлээн амьсгал-Нөр их ажлын цуурай

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 18:26:02

                                                                       (Сурвалжилсан тэмдэглэл)

Нийслэлээс баруун зүг автобус хөлөглөж аяны замд гарсан МОНЦАМЭ агентлагийн ажил хэрэгч аяллын баг Архангай аймгийг чиглэн их хотын утаа тортог, дуу шуугианаас зугатан холдох мэт өглөө сэрүүнээр хурдлан давхина. Хаашаа л харвал эргэн тойрон эх орны маань уудам тал, уул хөндий шаргалтаж эрдэнэт мал сүрэг энд тэндгүй бэлчээрлэж налайгаад Монгол эх орны маань налгар намрын дүр төрх дэлгэгдсэн зураг мэт нүднээ тодорно. Хөтлөн урагшлах замд тааралдах даваа гүвээ, судаг жалга, гол хөндий биднийг тосон авч тасралтгүй үргэлжилнэ. Тэнгэр бүртийх ч үүл үгүй цэв цэлийх агаад орой намрын сэвэлзүүр салхи сэржигнэн сэнгэнэж аялагчдын оюуны их ачааллыг гөвөн ариусгах мэт хурдлан давхих машины хаалга цонхны завсраар сийгэж сэрүүцүүлнэ. Энэхүү аялал нь Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Архангай аймгийн хамтын ажиллагааны хүрээнд тус аймгийн ажил амьдрал, ололт амжилтыг сурвалжлахын зэрэгцээ нутаг дэвсгэрт нь байдаг түүх дурсгал, байгалын үзэсгэлэнт газруудаар аялж Монгол улсынхаа болон гадаадын уншигч, үзэгчдэд өргөн дэлгэр сурталчлахад чиглэсэн байлаа. Багийн бүрэлдэхүүнд МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор Т.Наранмандухай, Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Техник, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга С.Баярсайхан, Дотоод мэдээний редакцийн хариуцлагатай редактор Д.Догсмаа, парламентын сурвалжлагч Ч.Ариунболд, Орон нутгийн албаны Веб редактор Ш.Эрдэнэчимэг, Гадаад мэдээний редакцийн хариуцлагатай редактор З.Амгалан, Гадаадад мэдээлэх редакцийн хариуцлагатай редактор Д.Энхбилэг, “Мон Та” телестудийн зураглаач Ч.Гэрэлт-Од, Гэрэл зургийн сэтгүүлч Ц.Цэрэнням, Н.Батбаяр нар болон тус агентлагийн орон нутагт суугаа 21 аймгийн сурвалжлагчдын төлөөлөл багтсан юм. Ийнхүү алдуурсан ороо хүлэг мэт давхиулсаар Архангай аймгийн Хотонт сумын нутагт орж ирэхэд тус аймгийн Цэргийн штабын дарга Ц.Буянтогтох, аймгийн Онцгой Байдлын газрын дэд дарга Б.Эрдэнэбаатар, МОНЦАМЭ агентлагийн Архангай аймаг дахь сурвалжлагч Л.Булган, Хотонт сумын ЗДТГ-ын дарга А.Оюун нар угтан авч тус сумын нутаг дахь эртний Уйгарын хаадын нийслэл байсан “Хар балгас”-ын зүг хүлгийн жолоо заллаа.

                                                                   Их хаадын өлгий нутгаар

Хотонт сум нь их хаадын өлгий болсон “Орхоны хөндийн дурсгалт газар”-ын савд орших бөгөөд бид юуны түрүүнд Уйгарын хаант улсын нийслэл байсан “Хар балгас”-т ирлээ. “Хан Балык” буюу Хар балгас нь 745-840 оны хооронд Монголын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Уйгарын хаант улсын нийслэл байжээ. 751 оны үед уйгарын анханы хаан Пейлегийн байгуулсан энэхүү Хар балгас хотод 50 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлсэн, 412х491 м хэмжээтэй хэрэм бүхий хааны ордон, төрийн яам, сүм хийд, гар үйлдвэр, худалдааны хорооллууд байсан бол энэ хот нь харуулын цонж, хамгаалалтын хэрэм хана, цэргийн хуарангаар хүрээлэгдэж байжээ. Энэхүү Хар балгас хотын туурийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 71 дүгээр тогтоолоор хамгаалалтын бүсийг 39.8 хавтгай дөрвөлжин км-ээр тогтоож улсын хамгаалалтад авсан байна. Тус сумын нутагт байх алдарт Ану хатны биеийг оршоосон хэмээх Хатах уул уг “Хар балгас”-ын хажууханд байх агаад Ойрдын Галдан бошигт хааны хатан тэрбээр 1696 онд Манжийн гурван замын их цэрэгтэй Тэрэлжийн “Зуун Мод”-нд хийсэн тулалдаанд Сод ангийн цэргийг ахлан байлдаанд тэргүүлэн орж бүслэлтийг сэтлэхдээ хүндээр шархдан нас барахад түүнийг Орхоны хөндийн энэхүү Хатан ууланд оршуулсан хэмээн домог түүхэнд өгүүлдэг байна. Мөн энд МАН-ын анхны дарга, Ардын намын анхны долоогийн нэг Солийн Данзан, Халх голын 90 баатрын нэг Ч.Аюушжавын хөшөө зэрэг түүхч хүмүүсийн дурсгалыг үзээд Хотонт сумын төвд ирэхэд сумын ЗДТГ-ын болон тус сумын баг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл хүлээн авч сумын ЗДТГ-ын дарга А.Оюун сум, орон нутгаа танилцуулж малчдаа малаа өсгөх боломжоор хангаж сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр сумын төвөө тохижуулж дэд бүтцээ сайжруулан түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, ойн сангаа малчдын бүлэг байгуулснаар хамгаалж чаддаг болсон. Сумын бүхий л ажил өвөлжөө бууцаа засч сэлбэх, хадлан тэжээлээ нөөцлөх зэрэг цаг үеийн ажлаа амжуулж амжилт олж байгаагаа ярилаа.

                                                                        Ургадаг алтны нутгаар

Бид Хотонт сумаас гарч Төвшрүүлэх сумын нутаг Бор Бургастай рашааныг чиглэн явлаа. Төвшрүүлэх сум нь тус аймгийн газар тариалангийн бүс нутаг бөгөөд өмнөх нийгмийн үед “Төвшрүүлэхийн сангийн аж ахуй”  нэртэйгээр газар тариаланг эрчимтэй хөгжүүлсэн сум юм байна. Урьд нь хөл тавьж үзээгүй Эрдэнэтолгой, энд нэгэн цагт Монгол Улсын нийслэл байсан учир нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр дурсгалын хөшөө босгосныг очиж үзлээ. Бор бургастай ам түүний орчин, энгэр бэл хормойгоос тэртээх алсад цэлийн уужрах шаргал хөндийд артан бидэртэх их тариан талбай, алтан шаргалаар намирах нь харагдана. Ийнхүү явсаар Бор Бургастай рашаан сувиллын газар очиход Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Оюунчимэг тэргүүтэй сумын удирдлагууд угтан авч орон нутгаа танилцууллаа. Тус сумын газар нутгийн уул толгод нь ой модоор хучигдсан байдаг бол  уулсын бэл хормой, тэгш газар нь тариан талбай эзлэж тэдгээрт “Бага хангай” ХХК, “Таванбулаг” хоршоо зэрэг газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид амжилттай ажиллаж байгаа юм байна. Сумаас ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдээ зорилтот бүлэг болгон дэвшүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгохыг зорьж “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөө энэ чиглэлд түлхүү зарцуулж ихээхэн үр дүнд хүрснээ сумын Засаг дарга Г.Оюунчимэг ярилаа. Эднийх улсдаа үлгэр жишээ болохуйц “Соёл, Спортын цогцолбор”-той бөгөөд тус цогцолбор нь 18 орон тоотойгоор урлаг спортын ажил зохион байгуулахаас гадна улсдаа нэрд гарсан бүжгийн хамтлагтай гэв. Сумын төв нь эрчим хүч, ус, холбоо, мэдээлэл хөгжсөн арилжааны дөрвөн банктай, үүрэн телефоны гурван сүлжээ нэвтэрсэн 3800 хүн амтай сум юм.

                                            Эрчимтэй хөгжлийг сонгосон Эрдэнэбулган сумаар

Архангай аймгийн төв Цэцэрлэг хот буюу Эрдэнэбулган суманд ирэхэд сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэг хүлээн авч бүрэн эрх нь хэрэгжсэн гурван жилийн хугацаанд хийсэн ажлаасаа тоймлон танилцууллаа. Цэцэрлэг хот нь домог түүхтэй Булган уулын өвөрт алдарт Заяын хүрээний суурин дээр ардын хувьсгалын анхны жилүүдэд “Цэцэрлэг мандлын уулын аймаг” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Цэцэрлэг хот нь одоогийн байдлаар хорин хэдэн мянган хүн амтай, хүн ам өсч хот өргөжин хөгжиж тэлэхийн хэрээр шинэ суурьшлын бүс байгуулах шаардлагатай болж уг асуудлыг бүрэн шийдэж шинэ суурьшлын бүсийн зураг төсвийг хийж тэнд шинээр орон сууц баригдаж түрүүчээсээ ашиглалтад орж байгаа гэв. Тэрбээр ажлаа авангуутаа тус суманд тулгамдсан асуудлуудыг жагсаалтаар гаргаж юуны өмнө хотынхоо дэд бүтцийг хөгжүүлж хотын доторх замыг өргөтгөн хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлснээр хоёрхон жилийн дотор бүрэн хатуу хучилттай болгосны гадна Монгол улсдаа хамгийн урт 2.8 км дугуйн замын байгуулсан байна. Түүнчлэн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөө баг тус бүр иргэдээрээ хэлэлцүүлж тухайн багт шаардагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг гарган батлаж бодит ажил болгон хийж гүйцэтгэсэн байгаа юм байна.

​ ​

                 Сайн малчны сайхан санаачилга                                                                 

Бид тус аймгийн Батцэнгэл сум орохын өмнө Эрдэнэбулган сумын иргэн аймгийн сайн малчин Н.Эрхэмбаярынд очиж мал маллагааны арга барил, ажлын байр бий болгож байгаатай нь танилцахаар Өндөр-Улаан сумын нутаг Донгой бригадын нутаг руу явахаар хөдөллөө. Бидний хөтчөөр Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч газарчилж “Цагаан даваа”-гаар давж уруудахад “Тунгалаг Тамир” киноны гол баатар Эрдэнэ цагааны цэрэгт элсчихээд тэндээсээ оргон зайлж яваад уг давааг уруудахдаа буугаа хаяад гэлдэрч явахад нь Даржаа баатар гүйцэн очдог тэр хэсгийн зургийг авсан газар гэдгийг танилцуулсан бол уг давааны зүүн амны өгсүүр нэгэн даваа харагдсан нь “Гарьд магнай” киноны гол баатар болох Далайцэрэн нь Равсал панзтай мөрийцээд хүнд ачааг мөрөндөө тэгнэн мацаж байгаа хэсгийн зургийг авсан даваа хэмээн сэтгүүлч Л.Булган бидэнд тайлбарлан ярьж явлаа. Бид хойд Тамирын хөндий рүү уруудан буусаар Их Тамир сумаар дайрч малчин Н.Эрхэмбаярынд дөрөө мултлав. Сайн малчных 1600 гаруй малтайгаас 200 гаруй нь үхэр, 50-иад адуу, үлдсэн нь хонь, ямаа гээд малаа өөрсдөө хариулах хүн хүч дутдагаас бусдаар хариулуулж цалин хөлс олгож нийгмийн асуудлыг нь шийдэхийн тулд давхар малжуулдаг гэж байлаа. Тэрбээр “Үхэр хонь, ямаа ч яах вэ? тоог нь өсгөж үржүүлж болно харин адууныхаа тоог тодорхой хэмжээнд барих хэрэгтэй. Учир нь адуу туурайгаараа газар цавчиж иддэг болохоор бэлчээрийн ургамлын үндсийг үгүй болгодог гэдгийг мартаж болохгүй” гэв. Эднийх малаас гадна өвөлжөө болон зуслангийнхаа газар 1000 ширхэг мод тарих зорилт тавьж одоогийн байдлаар 200 гаруй мод тарьснаа яриад хэрвээ ингэж мод тарьж ургуулж чадвал улам бүр урсгал нь татарч байгаа зуслангийнхаа газрын голын усны урсац гаралтын сайжруулж хөрсний нүүдлийг тогтоож чадна гэж ярилаа.

 

                                                                  Их Тамир сум Тайхар чулуу

Дөрвөн улирлын алинд нь ч Тайхар чулууг үзэх гэж зорьж ирдэг жуулчдын хөл тасардаггүй энэ газарт нэг үе эзэнгүй байсан бол одоо жуулчдын хоноглох зочид буудал, хоолны болон худалдааны газар бий болжээ. “Тайхар чулуу”-н дээр шинэ чулуун зэвсгийн үед буюу МЭӨ 6000-3000 оны хооронд бүтээгдсэн улаан зосон тамга, тэмдэг, амьтны зураг байхаас гадна эртний Түрэгийн үеийн Орхон-Енесейн Рун бичиг болон Согд, Уйгар, Кидан, Монгол, Манж, Төвд, Хятад зэрэг үсгээр бичсэн 150 гаруй бичгийн дурсгал хадгалагдан үлджээ. Эдгээр бичээсүүдэд ерөөл, магтаал, шүлэг, залбирал, бэлгэдлийн утга санаа бүхий бичиг голлож Монголын түүхэнд нэр алдраа мөнхлөж үлдээсэн эртний Түрэгийн төрийн зүтгэлтэн Кули Чур, Ойрдын Хуухай Даюу, Халхын Цогт хунтайж зэрэг түүхэн хүмүүсийн нэр дурдагдсан байдаг байна. “Түүхийн ийм сайхан дурсгалыг тэр чигээр нь хайрлан хамгаалж үлдээе гэсэн ч ирж үзсэн жуулчид дээр нь элдэв юм бичин эрээчиж зарлалын самбар шиг болгож байгаад сэтгэл эмзэглэж хамгаалах гэж янз бүрийн арга хэрэглэдэг” гэж Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч хэлж байлаа.

                                                                   Алдарт аваргуудын нутгаар

Хойд болон урд Тамирын голын бэлчирт орших эртний Луу гүний хошуу, одоогийн Батцэнгэл сум нь байгалийн өвөрмөц өнгө төрхөөрөө ч, хүн зоноороо ч, мал сүргийн тоогоороо ч аймагт хоёрт ордог том сум юм. Тус сумыг бөхийн өлгий алдарт аваргуудын нутаг ус гэх бөгөөд улсын цолтой хамгийн олон бөх мэндэлсэн сум гэвэл Увс аймгийн Тэс, Архангай аймгийн Батцэнгэл сум хоёр л байдаг тухай сумын Засаг дарга нь аяллын багийнханд танилцуулахдаа онцлов. Тухайлбал алдарт Луу гүний домогт аварга н.Вандан, улсын дархан аварга Г.Өсөхбаяр, хүчит заан Д.Хишигдорж зэрэг улсын гарьд, заан, харцага, начингуудаараа бахархдаг аж. Бид тус сумын Дэлт багийн малчин Монгол Улсын “Сайн малчин” Л.Айлтгүйбаатарын хот айлд ирэхэд сумын удирдлагууд угтаж уулзсан юм. Мянгат малчин н.Лхагвасүрэнгийн ууган хүү нь энэхүү Л.Айлтгүйбаатар, түүний ах Л.Үйтүмэн, Л.Шинэбаатар хоёр нь хоёулаа аймгийн арслан бол дүү Л.Отгонбаатар нь үндэсний бөхөөр аймгийн заан цолтон төдийгүй чөлөөт бөхийн дэлхийн аваргаас багаараа хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргажээ. Мөн тэдний хүргэн болох улсын гарьд н.Гончигдамба гээд энэ айлынхан бүгдээрээ бөхчүүд. Ер нь тус Батцэнгэл сумынхан бөхөө ярьж бөхөөр амьсгалдаг гэж хэлж болно. Арга ч үгүй бизээ хүүхдүүд нь багаасаа л “ноцолдож” барилдаж өсдөг байна.

                                   Цэнхэрийн цэнхэр морьдыг туурай сайтай гэдэг дээ

Манай аяллынхан тус аймгийн Цэнхэр сумаар орж Ар Хүйтний гол, Ар Хүйтний нуурыг үзэж Цэнхэр сумын төвтэй танилцаж Цэцэрлэгийн гол, Мандал толгой, Хонгорын ам, Хөнхөрийн хадан хясааг үзэж сонирхох байсан ч аяллын зам урт тэгээд ч хоорондоо ихээхэн хол байж цаг оройтсон учир эдгээр газруудаар очиж чадахгүй болсон учраа тус сумынханд утсаар тайлбарлаж уучлалт гуйсан юм. “Цэнхэрийн голын унага, Цэнхэрийн голын бүсгүйчүүд гэдэг хорвоод хосгүй байхад очиж чадахгүй нь даан чиг харамсалтай юм даа” гээд сэтгүүлч хөтөч Л.Булган ийм нэгэн дууг аялсаар яваад эцэстээ бид бүгдээрээ дуулдаг болсон юм. Түүнийг энд сийрүүлбэл:-

“...Цэв цэнхэр морьдыг

Туурай сайтай гэдэг ээ

Цэнхэрийн голын хүүхнүүдийг

Сэтгэл сайтай гэдэг ээ...” хэмээн дуулж явсан билээ.

                                                            Сэтгэл зүтгэл нийлсэн багийнхан

Биднийг Архангай аймгийн Нутгийн Удирдлагын Ордноор ороход аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат болон  ЗДТГ-ын дарга нар хүлээн авч аймаг орон нутгаа хөгжүүлэх бодлого, хэрэгжилтийн талаар танилцуулж бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа ярилаа. Тэрээр 2012 онд сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ, Засаг даргын баг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх стратеги шахуу төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлснээр аймаг орон нутагт тулгамдсан олон асуудлыг амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал аймгийнхаа хөгжлийн тэргүүлэх зэрэгт “Ногоон хөгжлийг эрхэмлэсэн аймаг” болгох зорилтын хүрээнд Цэцэрлэг хотоо гэрэлтэй хот болгож бүх зам харгуйгаа хатуу хучилттай, хажуугаар нь дугуйн замтай, цэвэр хот болгон хөгжүүлэхээр төлөвлөснөө амжилттай хэрэгжүүллээ гэж ИТХ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулгадаа дурдлаа. Тэрбээр:-“Бид богино хугацаанд ийм том амжилт гаргасан нь сэтгэл зүтгэл нийлж нэг үйлсийн төлөө нэг баг болж нэгдэж ажиллаж чадсаны үр дүн юм” гэж бахархан ярьсан юм. Архангай аймаг нь 2014 оны бүх ажлаараа улсад тэргүүн байр, мал сүргийн тоогоор мөн л тэргүүн байр эзлэж тус аймгийн зарим хэлтэс, агентлагууд системдээ эхний байруудад шалгарчээ. Ялангуяа боловсролын салбарыг тэргүүлэх зэрэгт тавьснаар урьд өмнө нь 19 аймгаас 17-д орж байсан бол өнгөрсөн оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр эхний наймд шалгарсан нь хүний хөгжил, тэр дундаа хүүхдийн хүмүүжил боловсролд онцгой анхаарал тавьсны үр дүн гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ бүхнээс тус аймаг бүх салбартаа улсад шалгарахын тулд дэвшүүлсэн зорилтоо бодит ажил болгож чармайн ажиллаж ихээхэн амжилт гаргадаг удирдлагын сайн багтай аймаг юм байна гэдэг нь тод харагдана. Энэ мэтээр салбар бүхний ололт амжилтыг нэг бүрчлэн дурдаж болох ч хамгийн товчоор дүгнэж хэлэхэд ийм байна.

                          Байгууллагуудын дарга нарын ихэнх нь эмэгтэй, бас Оюунчимэг нэртэй

Манай ажил хэрэгч аяллын багийнхан маань Цэцэрлэг хотод байхдаа Булганхангай хорооллын спортын төрөлжсөн сургууль, Боловсролын Их Сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, Газрын харилцаа, Барилга, Геодез зураг зүйн газар, Ус сувгийн “Ундарга” ХК, Газар хөдлөлтийг судлах үндэсний төвийн салбар, аймгийн Музей, Заяын хүрээ бурхан номын хийд, Цэцэрлэг хотын хоймор дахь “Гэгээнтний цогцолбор”-ыг үзэж танилцах болон Цэцэрлэг хотоор хийх танилцах аялал зэргийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга Д.Оюунчимэг удирдаж тухайн байгууллагуудын удирдлагуудыг байлцуулж бидний сурвалжлах ажилд ихээхэн тус болсонд талархсанаа илэрхийлье. Мөн МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан Соёлын гавъяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Г.Жамц ах маань бидэнтэй нэгдэж тус аймгийн түүх, түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх домог түүхэн үйл явдлыг  сэтгэл харамгүй ярьж өгсөн бол сэтгүүлч Л Булган аяллын чиглэл хуваарийг шахуу, ажил хэрэгчээр төлөвлөсөн учир очсон сум, байгууллага бүрийн удирдлагууд нь хүлээлт үүсгэхгүйгээр тосон авч танилцуулж байсан нь аяллыг ажил хэрэгч болгоход тустай болсныг талархан тэмдэглэх ёстой. Дашрамд  хэлэхэд манайхны очсон дөрвөн сум, арваад байгууллагын ихэнх нь эмэгтэй даргатай байгаагийн талаас илүү нь овог нь өөр өөр боловч Оюун, Оюунчимэг нэртэй байсныг дээрх танилцуулга, яриа, ярилцлагаас анзаарсан байх. Эмэгтэй дарга нартай болоод л байгууллага нь цэвэр цэмцгэр, ажил үйл нь дэг журам, нарийн зохион байгуулалттай байдаг байх гэсэн бодол төрж билээ. Бидний очсон байгууллага бүр үүднээсээ эхлэж өнгө зүс нь цэвэр, ярьж танилцуулж байгаа ажил хөдөлмөр нь өөдрөг, чухамхүү ам сайтай, амаа дагаж ажил үйлс нь бүтэмжтэй нь мэдрэгдэнэ. Өмнөх өдрийн орой нь Батцэнгэл сумаас аймгийн төв рүү буцах үед салхи гарч цас малгайлан цасан шамрага тавьж эхлэхэд тус сумынхан биднийг “Хувьтай хүн хур борооноор” хэмээн бэлгэ дэмбэрэлтэй үгээр ерөөж мордуулсан юм. Маргааш өглөө нь босоод харахад аймгийн төв дун цагаан цасанд дарагдсан ч нүүрээ угаасан хүүхэд шиг өнгө орж тэнгэр шөнө нь цасан шамрага тавьсан гэхийн тэмдэггүй цэв цэлийгээд цэнгэг агаар цээж дүүрч сэтгэл оюуныг уужруулна. Ийнхүү МОНЦАМЭ агентлагийн ажил хэрэгч аяллын багийнхан маань аяны замд гарахад дун цагаан цасан дундах дуран хар нүдэн Цэцэрлэг хот дулаахан харцаар биднийг үдэн хоцорлоо.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд