Г.Анхбаяр: Жендэрт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан бол эрх мэдлийн тэнцвэргүй байдал байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-09 18:13:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Яг одоо” 16 хоногийн аян Баянхонгор аймагт өрнөж байна. Аяны хүрээнд хийж буй ажил болон холбогдох асуудлаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Анхбаяртай ярилцлаа.


-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй “Яг одоо” аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгдмэл зорилго, нэгдсэн уриатайгаар тэмдэглэж ирсэн. Манай улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудтай хамтран 23 дахь жилдээ зохион байгуулж байна. 2020 онд хүн бүр “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт “Яг одоо хүчирхийллийг цэглэе” уриан дор нэгдэж, хүн бүр хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийхийг бусдад уриалах байдлаар явуулж байна.

Мөн энэ аянтай зэрэгцэн “Хүндлэлд хүйс хамааралгүй" үндэсний аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цагдаагийн газар энэ арга хэмжээг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэлд цэг тавих асуудалд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал байна. 

-Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал ямар байгаа вэ? 

-Баянхонгор аймагт 2020 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 42 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 30 нэгжээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 4 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил харилцан адилгүй бүртгэгдэж ирсэн. Гэвч 2020 оны хувьд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорио хязгаарлалт тогтоож, иргэдийн гэртээ байх хугацаа нэмэгдсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, улмаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа тоо баримт Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс харагдаж байна.  

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлыг зохион байгуулж байна?

-Цагдаагийн газрын зүгээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, хүчирхийллийг таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. 2020 оны эхний 11 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл хүүхэд хамгааллын чиглэлээр “Хайр өвтгөдөггүй”, “Охидоо хамгаалъя”, “Сархдаас сална аа хө”, зэрэг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аянуудыг зохион байгуулсан.

-Аймгийн хэмжээнд бүртгэгдэж байгаа Жендэрт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан юу байна?

-Ер нь Жендэрт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан бол эрх мэдлийн тэнцвэргүй байдал байдаг. Хэн нэгэн этгээд өөрийнхөө хүч чадал, түрэмгий байдлаа ашиглаж, эрх мэдэл тогтоох гэсэн хандлага, үүний улмаас хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж байгаа байдал юм. Түүнээс нийгмийн дунд яригддаг тогтсон ойлголт болох архи, ядуурал, боловсролын түвшин, ажилгүйдэл бол хүчирхийллийн шалтгаан биш. Харин эдгээр нь хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл болж байна. Аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэж чадахгүй байгаа хүн, хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаа бусдаас хайж, архинд бурууг тохдог. Гэвч согтууруулах ундаа өөрөө хариуцлагыг хөнгөрүүлдэггүй, харин ч хүндрүүлэх нөхцөл байдал болдог.

Мөн хүчирхийллийн бас нэг асуудал нь бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байдлаас болж хүчирхийлэл үйлдэгддэг. Тухайлбал гэр бүлийн хүчирхийллийн хувьд эхнэр нөхөр болж нэг гэрт амьдраад эхлэхээр тэдний өөрөөс нь ялгаатай байдал нөгөөд нь таалагддаггүй.  Үзэл бодол, зан чанар, аливаа зүйлд хандаж байгаа хандлага зэрэг маш олон зүйлд зөрөлдөж эхэлдэг. Ингэснээр маргаан бий болж, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь тэр хүний сонголт болдог. Хүчирхийлэгч этгээдийн хувьд тухайн асуудлыг өөрөөр шийдэх боломжийг хайж, хүний эрхийг хүндэтгэх ёстой. Ингэж чадвал хүчирхийлэл байхгүй болох боломжтой.

-Жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр болох бага насны охидын эсрэг хүчирхийллийн талаар?

-Баянхонгор аймагт өнгөрөгч 2019 онд гэмт хэргийн улмаас 75 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсон. Үүний 50 хүүхэд буюу 66.6% нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж хохирсноос 38 хүүхэд нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, 12 нь хүчиндэх гэмт хэрэгт өртөж хохирсон дүн байгаа. Мөн 2020 оны эхний 11 сарын байдлаар 54 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсны 31 буюу 57.4% нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хохирч, энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, таслан зогсоогдохгүй байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдтэй хэрхэн ажилладаг вэ?

-2020 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 130 иргэн баривчлагдаж, зан үйлд нөлөөөлөх албадан сургалтад хамрагдсан. Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдүүдэд нэг бүрчлэн хяналт тавих зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн хяналтын хувийн хэрэг” нээж, хяналт тавьж ажиллаж байна. Мөн Цагдаагийн газрын дэргэдэх “Жаргалтай амьдрал” төвд хэвтүүлэн сэтгэл зүйн болон эрүүл мэндийн эмчилгээ хийлгэж, тэдний зан үйлд болон архины хэрэглээнээс татгалзах байдалд сургаж, 28 хоногийн хугацаанд эмчилж байна. Одоогийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 8 этгээдийг хэвтүүлэн эмчлүүлсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас баривчлагдсан иргэдийг оршин суугаа газрынх нь хамтарсан багт тухай бүр холбон зуучилж ажиладаг бөгөөд хамтарсан баг тухайн этгээд болон гэр бүлтэй нь ажилладаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хамтарсан баг хүлээсэн. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг 3 удаа үйлдэж баривчлагдсан этгээдэд удаа дараа гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хариуцлага хүлээлгэдэг.

Холбоотой мэдээ