Албан байгууллага, аж ахуй нэгжид QR код олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн биечилсэн харилцааг багасгахаар нийслэлийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох цахим албан бичгийн www.smartoffice.mn систем хэрэглээнд нэвтрүүлж байна.
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Цар тахлын үед технологийн шийдэл ашиглан хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гарган иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR код системийг нэвтрүүлсэн.
НЗДТГ-ын харьяа байгууллагад нэг жилд 450 мянга орчим албан бичиг ирдгийг цахимжуулж байна. Ингэснээр биечилсэн харилцааг хумьж, цаг хугацаа хэмнэнэ. Тоон гарын үсэггүй аж ахуйн нэгжийн албан бичгийг 2021 оны 2 дугаар сарын 1 хүртэл тоон гарын үсэггүй авахаар Архивын ерөнхий газартай тохирсон. Цаашид аж ахуйн нэгж бүгд тоон гарын үсэгтэй болно. Дээрх системээр албан бичиг илгээхэд “Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт” хангасан байх шаардлагатай. Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй бол төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй. Энэ хэрэглээг дадтал иргэдээс албан бичгийг уламжлалт байдлаар бичиг хэргийн ажилтан хүлээн авч байгаа” гэв.
Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн хэмжээнд 30 мянган автомашин QR код ашиглаж тээврийн хөдөлгөөнд оролцож байна. УОК, НОК-оос өгсөн үүргийн дагуу ХХМТГ, ЭМЯ, Үндэсний дата төвтэй хамтран, үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг QR кодтой болгож байна. ААН-үүд www.QR.119.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлнэ. Үйлчлүүлэгчид энэ кодыг И-баримт системээр уншуулснаар халдварын хавьтагчдыг илрүүлэх, цааш тарах эрсдэлийг хумих боломжтой юм” гэв.