Аймгийн Засаг дарга ЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-08 20:32:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ сарын 7-нд ЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, цаашид баримтлах зарчим, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийн стратегийн төлөвлөлтөд тусгах саналын тухай хэлэлцсэн байна. 

ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдэд хандаж хэлэхдээ, Аймгийн Засаг дарга төрийн албаны тухай хууль зөрчиж, төрийн албан хаагчийг халж, солихгүй. Төрийн албан хаагч тогтвор суурьшилтай ажиллаж байж хариуцсан салбараа тодорхойлох мэдлэг мэдээлэлтэй болж, ажилдаа гаршдаг. Тиймээс алдаа дутагдал гаргалгүй, ажлын шаардлага биелүүлж байгаа албан хаагчидтай ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Мөн мэргэжилтнүүдийг төрийн албаны тухай хуулийг ёсчлон биелүүлж, шинэ санаачилга гаргаж, хурдтай, иргэдтэй ойр ажиллахыг хүслээ.

 

Түүнчлэн Засаг даргын орлогч ачаалалтай ажилладаг учраас ЗДТГ-ын хэлтсийн дарга нарыг манлайлал гаргаж, шуурхай ажиллах шаардлага тавьж буйгаа илэрхийллээ.

 

 Аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр- “Хэтийн Хэнтий 2024”, Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хэнтий аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө зэрэг бодлогын гурван баримт бичиг аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар батлагдсантай холбогдуулан стратеги төлөвлөгөөг нямбай боловсруулж, иргэд, олон нийтээс гарсан санал, санаачилгыг тусгаж ажиллахыг үүрэг болголоо.


Эцэст нь тэрбээр бид ирэх дөрвөн жил нутгаа хөгжүүлэх гараан дээр зогсож байна. Энэ нутагт ажиллаж, амьдарч яваагийнх хариуцсан салбар бүрийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, бодитой, ажил хэрэгч, бүтээлч ажиллах хэрэгтэйг цохон тэмдэглэв.

Аймгийн Засаг даргын орлогчоор Ц.Чогсомжав улиран томилогдсон бөгөөд тэрбээр мэргэжилтнүүдтэй илүү ойр ажиллахаа илэрхийллээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлэн бүтэн цагаар /8:30-12:30, 13:30-17:30/ ажиллаж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ