Ахлах ангид элсэн сурах хүүхдүүд судлах хичээлээ сонгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-30 20:27:07

Энэ хавар 9 дүгээр анги төгсч буй сурагчид ирэх хичээлийн жилд ахлах сургуулийн хэв маягт шилжин хичээллэхтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн хичээл сонголт хийж байна.

Дундговь аймагт Сайнцагаан, Өндөршил, Эрдэнэдалай сумын 7 сургуулийн 8 бүлэгт 224 хүүхэд 9 дүгээр анги төгсгөж байгаа юм. Тэдний 185 нь ахлах ангидаа үргэлжлүүлэн суралцах юм байна. Сурагчид ахлах ангидаа монголхэл уранзохиол, монголбичиг, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, англи хэлний хичээлийг заавал судлах бөгөөд спорт эрүүл мэнд, мэдээллийн технологи, урлаг, дизайн технологи зэрэг хичээлээс сонгон суралцана. Мөн сонгон гүнзгийрүүлж суралцах хичээлээ сонгох юм байна.

Ахлах сургуулийн хэв маягт шилжихтэй холбогдуулан аймгийн ЗДТГ- ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д. Дулмаагаар ахлуулсан Боловсролын зөвлөл байгуулагдсан бөгөөд орон нутагт ямар зохион байгуулалтаар боловсролын энэ шинэчлэлийг хийх нь Боловсролын зөвлөлийн шийдэх асуудал ажээ.

Ирэх хичээлийн жилд Сайнцагаан, Эрдэнэдалай сумын 6 сургуульд ахлах ангийн 7 бүлэг хичээллүүлэхээр урьдчилан төлөвлөж байгааг Боловсролын газрын дарга Ц. Бумангэрэл хэллээ. Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг нь түшиглэн Сайнцагаан сумын 4-р сургуулийг байгалийн ухааны ахлах сургууль болгоход аймгийн бодлого чиглэж байгаа тул тус сургуульд арай олон буюу 3 бүлгийг хичээллүүлнэ гэлээ.  Өндөршил сумын хувьд 9 жилийн сургалттай тул төгсөгчид нь Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургууль болон Говьсүмбэр аймгийн сургуульд шилжин суралцах ажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ