2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-06 12:06:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-нд хуралдсан Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар тус аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах байсан хэдий ч дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр хойшлууллаа.  

Тус хуралдаанаар 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2021 оны төсвийн төсөл болон энэхүү төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт зэрэг таван асуудлыг хэлэлцжээ.

Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнийг боловсруулсан үйл явц, бодлогын баримт бичгүүд, хууль журмуудын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн илтгэж, төлөөлөгчид асуулт асуусан ба санал авах асуудлыг дараагийн хуралдаан хүртэл нээлттэй үлдээсэн.

2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд найман зорилго, 38 зорилтын хүрээнд 159 үйл ажиллагааг төлөвлөсөн байна.

Тодруулбал, тус үндсэн чиглэлийн хүрээнд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс орон нутгийн хөгжил гэсэн үндсэн найман чиглэлээр зорилгоо тодорхойлжээ.

Үндсэн чиглэлийг боловсруулахад ажлын хэсэг болон дэд хэсгүүдийг байгуулж, Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан иргэдээс санал авч боловсруулсан гэдгийг ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн дурдсан.

Хуралдааны үеэр зарим төлөөлөгч тус үндсэн чиглэлд иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа дутмаг, зарим нэг шалгуур үзүүлэлтүүд бодитой биш байгаад шүүмжлэлтэй хандсан.

ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаас Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дахин боловсронгуй болгож, дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр ийнхүү шийдвэрлэсэн ажээ.  

Холбоотой мэдээ