Худалдаа, үйлчилгээний салбар цагийн хязгаарлалтаар ажиллаж эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-04 23:05:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр боллоо. 

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хүнсний худалдааны газруудын ажиллах цагийн хуваарийг өнөөдрөөс эхлэн 09:00-19:00 цаг, бусад худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудыг 10:00-17:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргаад байна.

Харин аймгийн төв бараан зах болон худалдаа, үйлчилгээний төвүүдэд бараа, бүтээгдэхүүнийг ил задгай, гадна талбайд худалдан борлуулахыг, архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг түр хориглолоо. Мөн улсын чанартай авто замын дагуух үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, ресторан, цайны газрын үйл ажиллагааг 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл түр хориглоод байна.

Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулж, олон нийтийн эргүүл, явуулын түр цэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, хяналт тавин ажиллахыг сумдын Онцгой комисст даалгалаа.

Холбоотой мэдээ