Малчид газар нутгаа бэлчээрийн доройтлоос хамгаалахад нэгдлээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-30 12:45:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” зорилтот аймаг, сумдын малчдын санаачилгыг дэмжиж засаг захиргаа, малчидтай хамтран 2019 оноос Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.


Уг хөтөлбөрт Говь, Хангайн бүс нутгийг төлөөлсөн төслийн 4 аймгийн 13 сумын 2396 малчин өрх хамрагджээ. Тэд 600 мянга га бэлчээрийг доройтлоос гаргахаар нэгдэж байгааг БОАЖЯ-ны цахим хуудсанд мэдээллээ.


Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн мянгат малчин Н.Ганчимэг ярихдаа, “Сумандаа бидний ашиглаж байгаа бэлчээрийг гадны хэн нэг хүн биш нутагтаа байгаа бид эзэмшдэг. Иймд малчид бид санаачилгаараа малын тоо толгойгоо даацад нь тохируулахгүй бол ирэх жилүүдэд бэлчээргүй болох аюул тулгараад байна. Манай сумын бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн тухай сонссон. Бэлчээр байхгүй бол хэчнээн мянган малтай байгаад юу идүүлэх билээ? Мянган малын хойноос хөөцөлдөж авдаг ашгаа 500 малаас авчихна гэж бодвол биед амар, бэлчээр, байгальд ч ээлтэй. Цаашид ганц, ганцаараа малаа олон тоогоор өсгөх биш зохион байгуулалтад орж хөдөлмөрөө хорших цаг болсон гэж бодож байна” гэжээ.


Малчин Н.Ганчимэг бэлчээрийн доройтлыг бууруулахын төлөө зөвхөн малаа цөөлөөд зогсохгүй бэлчээрээ зөв зохистой ашиглах алхам хийж эхэлжээ. Тэрбээр 1000 малтай 2 малчинтай  хамтран “Марааны булаг” нэртэй бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулж, сумын Засаг даргатайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулжээ.


Гэрээний зорилго нь малынхаа тоог бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, малынхаа тоо толгойг бэлчээртээ тохируулан жил бүр 5 хувь бууруулахыг тусгажээ.


“Монголын унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” төсөл эдгээр малчдын бүлгийн хамтын зохион байгуулалтыг бэхжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэх,  бүлгийн малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх,  байгалийн нөөц, баялгийг ашиглах, хамгаалах зэрэг чиглэлийг багтаасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Холбоотой мэдээ