Т.Мөнхсайхан: 400 амьсгалын аппарат ирэх сард орж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 21:30:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдааны шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар сэтгүүлчийн асуултад хариуллаа. 


-Түрээс төлдөг, өдрийн орлоготой иргэдийн асуудал 10 хоног хөл хорио сунгасан зарим аймагт хүндэрч байна. Үүнд нэмэлт бодлого гаргах уу?


-Я.Содбаатар: Түрээс төлдөг, өдөр тутмын орлоготой иргэдийн асуудал бидний санааг зовоож байна. Засгийн газар, УОК-ын түвшинд хоёр хайчин галд бид ажиллаж байна. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, эрсдэл багатай цар тахлыг даван туулахыг хүсэж байгаа. Нөгөө талдаа, эдийн засгийн хүндрэл, иргэдийн амьжиргаанд гарч байгаа "цохилт" амаргүй байна. УИХ-ын түвшинд ажлын баг гаргаж, түр хороогоор тодорхой гарц, гаргалгаа олохоор ойр ойрхон хуралдаж байгаа. Түрээсийн асуудал нь аж ажуйн нэгж, иргэний хоорондын эрх зүйн харилцаа учир төр оролцоход хүндрэлтэй. Тиймээс аль болох халдвар гараагүй орон нутаг үйлдвэр, үйлчилгээ, худалдааны салбарыг нээж байна. Ингэснээр нийт иргэдийн 50 хувийг ажил амьдралынх нь хэвийн горим руу зориглон оруулж байна. 


-Ойрын хавьтлыг хумьсан гэж байсан ч Архангай аймагт ойрын хавьтал илэрч халдвартай нь батлагдлаа. Найман голомтоо хумих ажил ямар шатандаа байна вэ?


Т.Мөнхсайхан: Ойрын хавьтлуудыг халдвартай гэдэг нь тогтоогдсон тухай бүрт нь олж авч тусгаарлаж байгаа. Зарим нэгэн иргэн санаатай болон санамсаргүй байдлаар ойрын хавьтлаа хэлэхгүй өнгөрснөөс болж цаг алдах тохиолдол гарч байна.

Энэ нь хэдийгээр цөөн ч халдварын тархалтын хувьд хор уршигтай байна. Архангайн тохиолдол нь ойрын хавьтлаа хэлээгүйн улмаас аймгийн хэмжээнд халдвар тархах эрсдэл үүссэн. Олон тохиолдол биш учраас тархалтыг хумих боломж байгаа. Ойрын хавьтал бүрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд гурван удаа хамруулж байна.


-Амьсгалын аппарат цөөхөн байгаа энэ үед өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрч байна. Амьсгалын аппаратын нөөцийг цаашдаа хэрхэн зохицуулах вэ?


-Амьсгалын аппаратын хувьд, ХӨСҮТ-д коронавирусний эмчилгээнд зориулсан 23 аппарат байна. Мөн ЦНТЭ-т 12 аппарат суурилуулсан. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат бий. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор 50 аппарат суурилуулсан. Үүнээс гадна 20 зөөврийн аппарат ашиглахад бэлэн. Нийт ашиглахад бэлэн 180 орчим аппарат бий. Бид наймдугаар сард амьсгалын аппарат захиалсан ч тухайн үед дэлхий даяар цар тахал их байсан тул үйлдвэрлэл хомс байсан. Одоо үйлдвэрийн нөөц нэмэгдсэн тул манай улсад орж ирэхэд бэлэн болсон. Эхний 200 аппарат 12 дугаар сарын 8-нд орж ирнэ. Дараагийн 200 аппарат 12 дугаар сарын 20-нд ороод ирнэ. Бидний тооцоогоор хүн амын 1 хувьд халдвар тархахад амьсгалын аппаратад орох хүмүүсийн тооцоог бодоход, бэлдсэн аппаратын нөөц хангалттай гэж тооцсон. Энэ аппаратуудад ажиллах боловсон хүчний асуудлыг эртнээс бэлтгэж ирсэн. Цаашид ч бэлгэх шаардлага тулгарч байна. 


-Хөл хорио сунгасантай холбогдуулан иргэд хөдөөнөөс идшээ бэлтгэх асуудлыг зохицуулах арга байна уу?


-З.Мэндсайхан: Идэш тэжээл бэлтгэх асуудлыг иргэд тавьж байна. Бэлэн байдал зарласан энэ үед хөл хөдөлгөөнийг хориглох зорилготой. Тодорхой хэмжээний шийдэл хийж байгаа. Тухайлбал, баруун аймгаас Улаанбаатар хот руу идэш зохион байгуулалттай хүргэж өгөх, тухайн машинаар эргүүлээд орон нутагт хүнс, тэжээл татах ажил зохион байгуулж байна. 

Мөн "Монгол шуудан" компанитай хамтарч орон нутгаас Улаанбаатар хот руу хүргэлтийн үйлчилгээг 5 хоногийн өмнө эхлүүлсэн. Одоогоор 546 орчим захиалга ирж хүргэлтдээ явж байна. Энэ үйлчилгээг ашиглахыг иргэддээ уриалж байна. Үүнээс гадна хот руу чиглэсэн мах болон хүнсний тээврийг хориглоогүй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж хүнсний тээврийн машинд идшээ нэгтгээд ачиж явуулах боломжтой. 


Өмнөх мэдээллийг энд дарж харна уу.

Холбоотой мэдээ