16-49 насны эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-30 00:59:36
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна.

Үзлэгт эмзэг бүлгийн 2910, төрөх насны буюу 16-49 нас, ял эдэлж буй 285, оюутан, залуус 115 эмэгтэйг хамруулна.  Нийт 7240 эмэгтэйг бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулахад орон нутгийн төсвөөс 59.9 сая төгрөг төсөвлөсөн байна. Үзлэгийг насны ангилалаас шалтгаалж өөр, өөр саруудад явуулна. Тухайлбал, төрөх насны болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүд тавдугаар сарын хоёрноос 10 дугаар сарын дөрвөн хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлнэ. Харин оюутан залуус намар болон хавар тухайн сургууль дээрээ үзлэгт хамрагдах аж.

Дашрамд дурдахад, Орхон аймагт сүүлийн таван жилд бэлгийн замын халдварт өвчин тасралтгүй өссөн байна. Өнгөрсөн онд гэхэд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн хадварт өвчний 990 тохиолдлын 34.1 хувь нь бэлгийн замын өвчин байсан аж. Мөн жирэмсэн 88 эмэгтэй тэмбүүтэй, 5 хүүхэд тэмбүү өвчтэй төржээ. Иймд нийгмийн эрүүл мэндийн төлөө дээрх насны эмэгтэйчүүд үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа.

                                                                                                                  Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ