Зуны улиралд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-30 00:55:56
oyuka_hu@yahoo.com

Сурагчдын амралт эхэлж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй гэж Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Чулуунцэцэг хэллээ.

Сурагчдын зуны амралт эхлэнгүүт зарим эцэг, эх хүүхдээ хөдөө хамаатан садныдаа аваачдаг. Энэ үед хүүхдүүд хараа хяналтгүй болж усанд унаж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг байна. Өнгөрсөн жил бага насны хоёр хүүхэд ийм тохиолдлоор амиа алджээ. Мөн 13 настай хүү ээжийнхээ хамаатныд амарч байхдаа морьноос чирэгдэж нас барсан байна. Иймд ээж, аав нар хүүхдээ үлдээх гэж буй айлдаа аюулгүй байдлыг нь сайтар хангахыг сануулах, хүүхэддээ учирч болзошгүй эрсдлээс хамгаалах мэдлэг олгох хэрэгтэй гэлээ.

Мөн өөр аймаг, сум, хотоос хамаатныдаа ирж амьдарч буй тавиул хүүхдийн аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй гэж Н.Чулуунцэцэг мэргэжилтэн онцоллоо. Учир нь Орхон аймагт харьяаллын бус 169 хүүхэд сурч байгаагаас 55 нь Булган аймаг 68 нь Улаанбаатар хот, 7 нь гадаадын харьяат ажээ.

                                                                                                                     Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ